Д.Тогтохсүрэн: Дахин таван гишүүнийг яллагдагчаар татах санал ирээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын 23 гишүүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ. Улмаар прокурорын байгууллагаас өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа парламентад хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

Харин саяхан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нар яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан байдаг.   

Хамгийн сүүлд хуулийн байгууллагаас дахин таван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон талаар эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж зээл авсан хэргээр яг хэдэн гишүүн шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татах санал албан ёсоор ирээгүй байна. Иргэдтэй адил хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л байна. Тиймээс тодорхой тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө. 

Ямартай ч дахин УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татах санал прокурорын байгууллагаас УИХ-д ирээгүй байгаа аж. Гэхдээ нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг хуулийн байгууллагаас албан ёсоор оруулж ирэх аваас ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JDY(174.195.134.8) 2019 оны 03 сарын 19

Syhbat gishyyn shudarga yos yaridag baisan yachih ni be tag

0  |  0
Иргэн(66.181.176.127) 2019 оны 03 сарын 18

Өмнөхөө яаж ч чадахгүй байж ганц ЖДҮ гэж дээр шудрага дүр эсгээд яахав дээ. Тэр гацаагаад, нууж дараад байгаа хэргүүдээ эхлээд шийдэхгүй юм болов уу

0  |  0
Top