Хурууны хээ уншигч гишүүдийн ХАРИУЦЛАГЫГ нэмэгдүүлэх үү!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

УИХ-ын Дэгийн  тухай хууль өнгөрсөн оны аравдугаар сард батлагдсан. Энэхүү хуулиар УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах оролцоог хангах зохицуулалт хийсэн. Тэгвэл хуулийн хэрэгжих хугацаа  ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр буюу УИХ-ын Хаврын чуулганы эхний өдрөөс хэрэгжинэ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар гишүүдийг хурууны хээгээр бүртгэх ажлыг хэрэгжүүлэхэд өмнөх оны төсөвт 600 сая төгрөг төсөвлөсөн байна. Хурууны хээ бүртгэгчийг суулгахад бага цаг хугацаа болон хөрөнгө төсөвлөсөн учраас одоогийн гишүүдийн ирцийг бүртгэдэг карт уншигч дээр нэмж төхөөрөмж суурилуулж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ярилаа. Гишүүдийн тухайд Дэгийн тухай хуулийн энэ заалт цаг үеэ олсон, УИХ-ын гишүүдийн оролцоог бүрэн хангуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. 
 

 ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ХҮЛЭЭН АВНА УУ!
 

 

- БАЙР СУУРЬ -

 

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕНБД Ц.ЦОЛМОН: 
ГИШҮҮДИЙН ХУРУУНЫ ХЭЭГ БҮРТГЭХ АЖИЛД 600 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

-Өнгөрсөн оны намар баталсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэж ажил ямар шатандаа явна вэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын 5-наас хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын Тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Бэлтгэл ажлыг асар богино хугацаанд хийж, гүйцэтгэж байна. Зохион байгуулалтын хувьд хариуцлагатай, нямбай шаардлага тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ерөнхийдөө техникийн шийдлүүд нь гарчихсан. Хурууны хээ бүртгэх техникээ байршуулчихсан байна. Техник, программ хангамж нь шийдэгдчихсэн гэж ойлгож болно. Үндсэндээ тестэлж, шалгах л ажил үлдээд байна даа.

-Хөрөнгө санхүүгийн хувьд хэчнээн сая төгрөг зарцуулж байна вэ?

-Нийт 600-гаад сая төгрөг шаардагдаж байна. Хамгийн бага үнээр л шийдэх чиглэл өгсөн. Өнгөрсөн оны аравдугаар сард хууль нь батлагдсан шүү дээ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт суутгаж өгсөн.

-Санхүүгийн асуудлыг Солонгосын хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ ташаа мэдээлэл үү?

-Тийм. Ямар ч гадны хөрөнгө оруулалт байхгүй. Манай санал систем нь Солонгосын хөрөнгө оруулалт, тусласмжаар хийгдсэн байдаг. Түүн дээрээ л нэмэлт программд нь өөрчлөлт оруулаад л суурилуулж байгаа юм.


Ц.МӨНХ-ОРГИЛ: ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ИРЦ БҮРТГҮҮЛЖ,
ХУУЛЬ БАТЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙГАА

-Ирэх хаврын чуулганаас эхэлж шинэ Дэгийн тухай хууль үйлчилнэ. Үүгээр гишүүд хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлнэ. Үүнийг гишүүд дэмжиж байгаа гэж ойлгож болно. Би хувьдаа дэмжиж байна. УИХ-ын даргын захирамжаар Дэгийн тухай хуульд цаашид өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсэгт миний бие багтсан. Хувь гишүүнийхээ зүгээс хэд, хэдэн саналыг оруулж байгаа. Нэгдүгээрт, аливаа хуулийг бүхэлд нь батлахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор биш УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүний саналаар баталдаг болох саналыг оруулж байна. Хоёрдугаарт, маш олон хуулийг маш хурдан хэлэлцэн, баталдаг. Үүнийг цаг хугацааны хувьд задгай тавьж өгөх шаардлагатай байна. Маш олон хэлэлцүүлэг хийж баймаар байна. Тэгэхгүй бол байнгын хорооны хуралдаан маш нарийн дэгтэй, цаг хугацаатай байдаг. Тиймээс аливаа хуулийг батлахаасаа өмнө хэлэлцүүлэг өрнүүлж байдаг, удаан хэлэлцэн баталдаг байх хэрэгтэй. Нэг баталсан хуулиа тогтвортой хэрэглэдэг нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийг газар болгох хэрэгтэй. Орон тоог нь нэмж, олон хуульчтай байх шаардлагатай байна. Хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг хэлэлцдэггүй, хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг баталдаггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, заавал хуулийн хэлтсийн гаргасан саналыг гишүүд нэг бүрчлэн хэлэлцэж байж баталдаг заалтыг оруулж ирэхийг зорьж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huruunii hee(202.131.248.250) 2019 оны 03 сарын 21

Kompaniud iim huruunii heegeer burtgeh, sanal uguh tuhuurumjiig mash engiineer shiiddegdee, urtug bagatai bolovch sain ajildagiig, Harin ene ajild 600 say gedeg arai l undur unuu

0  |  0
z(192.82.65.125) 2019 оны 03 сарын 20

завхарсан юм.Энэ заваан юмнуудын худал хуурамч занг нь 600 саяар залруулах гээд байгаа юм уу төр удирдаж байж яагаад үнэнчээр ажилдаа ирээд хуулиа батлалцах ухамсаргүй хүмүүсийг бүгдийг буулгая л даа

1  |  0
Top