Энэ долоо хоногт нийгмийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг ZINDAA.MN сайт тоймлон хүргэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ”Зайсан KFC” түргэн хоолны салбараас 116 хүн хордож 50 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, 76 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байв. Энэ асуудал намжаагүй байхад 25-р эмийн сангийн дэргэдэх “KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн аав, хүү хоёр хордож нь “KFC” түргэн хоолны газартай холбоотой дахин шуугианыг дэгдээв. Мөн Казах түмний үндэсний баяр “Наурыз”-ын баяр энэ долоо хоногт тохиосон долоо хоног боллоо.
ХАВРЫН УРЬ ОРЖ, ШИНЭ ЖИЛ ЭХЭЛСНИЙГ КАЗАХ ТҮМЭН ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ
Казах түмний уламжлалт баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиолоо. Тус баярыг угтан Монголын залуучуудын холбоо, Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохион байгуулсан юм. “Наурыз” гэдэг үг нь анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой. Наурыз гэдэг нь монголчилбол "Шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг баяр билээ.
“КFC” ТҮРГЭН ХООЛНЫ СҮЛЖЭЭ РЕСТОРАНААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ААВ, ХҮҮ ХОЁР ХОРДЛОО
Түргэн хоолны KFC сүлжээгээр 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдлээ. Өмнө нь тус сүлжээны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн. Харамсалтай нь, эл явдлаас хойш нэг сар гаруй хугацааны дараа 25-р эмийн сангийн хажуу дахь салбарт дахин асуудал үүссэн юм. Үйлчлүүлсэн аав, хүү хоёр одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд зохих шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүүгийн биеийн байдал дээрдсэн ба хүүгийн аав “Хүүхдүүддээ KFC ресторанаас бүтээгдэхүүн худалдан авч өгөхгүй байх”-ыг уриалж, ZINDAA.MN сайтад ярилцлага өгсөн юм.
KFC СҮЛЖЭЭ ХООЛНЫ ГАЗАРТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА
Таван богд фүүдс ХХК-ийн "KFC" түргэн хоолны сүлжээ нь 6 дүүрэгт байрлалтай нийт 12 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хоол хүнсээр дамжих өвчлөл гарсантай холбогдуулан “Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоож, бусад 11 салбарын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан билээ. “Зайсан KFC” салбарт гарсан хоол хүнсээр дамжих өвчиний дэгдэлт нь “НЭГ ЭХ УУРХАЙТАЙ, ШИГЕЛЛА НЯНГААР ҮҮСГЭГДСЭН, ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ” гэж дүгнэлээ.
Зөрчил үйлдсэн Таван богд фүүдс ХХК-д Зөрчлийн хэрэг нээж, прокурорын тогтоолоор үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 6.14. дүгээр зүйлийн 4, 6.15 дугаар зүйлийн 3.1, 5.1, 6.15.2 дах заалтуудын дагуу 14 сая төгрөгийн торгууль, 8.500.550 төгрөгийн хууль бус орлого, 49 сая 407 мянган төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгуулахаар үүрэг болгосон билээ.
Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг, 31.1 кг амталсан, амтлаагүй тахианы мах, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгуулан, бүх KFC салбаруудын ажлын байранд Цэвэр–Орчин ХХК-иар төлөвлөгөөт бус халдваргүйтгэлийг хийлгүүллээ.
НАЛАЙХ, ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ
Гуравдугаар сарын 21-ны засгийн газрын ээлжит хуралдаанаар Налайх, Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан юм. Тус шийдвэрийн санхүүжилтийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх юм. Харин Налайхын чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )