УИХ-ын хуралдааны үеэр хамгийн их ярьдаг, ярих болгондоо шүүмжилдэг гишүүдийн нэг бол “Молекул” Б.Батбаяр юм. Төрөлх нутаг Баянхонгорчуудаа хааяа л эргэж тойрдог тэрээр саяхан харин Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдтэйгээ уулзжээ. Мань хүн төр, засаг ийм ч бодлого, тийм ч үйл ажиллагаан дээрээ алдаа гаргаж байна хэмээн сурсан зангаараа баруун зүүнгүй авч өгсөн гэнэ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар өнөөгийн эрх баригчид олигтой юм хийсэнгүй. Мөн ноос, ноолуур, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжихөд манайхны хүнд суртал, олхиогүй хандлага гай болж байгаа гэх зэргээр шүүмжилжээ. Ийнхүү том дуугарч байснаа сүүлдээ жаахан хадуурсан шинжтэй, ер нь монголчууд гутал, хувцас мэтийн шалихгүй бизнесээр хөөцөлдөөд яахав гэх ухааны юм яриад унажээ. Тэгтэл заалнаас гутал оёдог нэгэн залуу босч ирээд “Монголчуудын хийсэн гутал өнөөдөр Хятад болон Европын орнуудад зарагдаж байгаа. Тэгж яривал манайх маш сайн гутал хийдэг болсон. Гоёлын гутал гадаадаас өндөр үнээр авч байснаас бидний хийснийг авах нь хамаагүй чанартай, эдэлгээ сайтай, үнэ хямдтай гээд хүүхнүүд захиалгаа өгдөг болсон. Тэр бүү хэл, монгол оёдолчдын хийсэн цамц, дотуур өмд хүртэл Америк руу гардаг. Тэндхийн хүмүүс дуртайяа авдаг юм. Та нар зөвхөн өөрсдийн хэдэн үйлдэрийг л дэмжихийг бодсондоо уул уурхай гээд яриад байгаа шүү. Үндэсний үйлдвэрээ дэмжихгүй байна. Та мэддэг хүн шиг царайлж, худлаа ярихаа болиорой” хэмээн шулуухан загнаж өгчээ. Түүнийг дэмжсэн хүмүүс бас ам хуурай байгаагүй гэнэ. Б.Батбаяр бантсандаа сүүлдээ зугтах шахам гарч явсан байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )