Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголдоо ууган гэж болох “Инфосистемс” компанийг энэ удаагийн “Технологи” буландаа онцолж байна. Эх орныхоо далд баялгийг бус эгэл хүмүүсийнхээ оюуны эрдэнэсийг хөгжүүлж яваа хорин жилийн арвин туршлагатай “Инфосистемс” компанийн үүсгэн байгуулагч Л.Загдрагчаатай цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Ер нь яагаад энэ салбарыг сонгох болов. Бизнесийн санаагаа анх яаж олж байв гэдэг сонин байна?
-Бизнес бол ердөө л харилцаа. Миний бизнес ч харилцаанаас эхлэлтэй. Анх ажиллаж байсан салбар буюу банк, тэнд ажиллаж байсан хамт олноосоо, тэдний харилцаанаас бизнесийнхээ санааг олсон гэж хэлж болно. 24 жилийн өмнө МУИС-ийг төгсөж, дипломоо өвөртлөөд банкны программ зохиогчоор ажиллаж байхдаа ажлын шаардлагаар программ хөгжүүлж эхэлсэн. Ингэхдээ программ маань теллерээс өгсүүлээд үйлчлүүлэгч, харилцагч бүрийн хэрэгцээнд яаж ойр, хялбар байх вэ гэдэгт анхаарсан. Тэгээд, харахад хүний нүдэнд шууд багтах чинээний программ зохиох хүсэл төрснөөр зовлонг нь сайн мэдэх нягтлан бодогч нарын хэрэгцээнд зориулж анх программ бичиж эхэлсэн дээ. Хэрэглэхэд аль болох хялбар, түвэггүйг сонгох нь техник, технологийн бүтээлд үйлчилдэг нэн тэргүүний зарчим. Ингээд л анх хоёр хүнтэй байгуулагдаж байсан компани маань одоо хорин жилийг ардаа үлдээгээд багагүй туршлагыг хуримтлуулсан байна.
Бизнес бол ердөө л харилцаа. Миний бизнес ч харилцаанаас эхлэлтэй.
-"Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө” гэж ярьдаг. Энэ үг программ хангамж зохиогч нарт хамааралтай мэт санагддаг?
-Программыг нэг хүн хэрэглэж байвал цаана нь хэрэглэх олон хүн байна аа л гэсэн үг. Тиймээс программын оролцоотойгоор хэдэн ч хүнтэй харилцаа холбоо тогтоож болно. Энэ бол бидний эрхэлж буй бизнесийн онцлог. Программын технологийн өнөөгийн хөгжлийн түвшин, тухайлбал, нийгмийн сүлжээ энэ шууд бус харилцааг улам тод өргөн болгож байгаа. Гол нь хүнд шаардагдаж буй, эсвэл шинээр бий болж буй жижиг хэрэгцээ шаардлага бүрийг олж харах нь чухал. Үүнээс гадна түүнийг нь хангах шийдлийг олж, санал болгох. Энэ бол харилцаанаас үүсэх бизнесийн тогтолцоо. Ер нь мэдээлэл, харилцаа холбооны боломж дэлхийг аль хэдийнэ хавтгай болгосон ийм цаг үед бид амьдарч байна. Танд компьютер, интернэт байхад л дэлхийн зах зээл нээлттэй болсон. Тэр тусмаа программын бүтээгдэхүүний зах зээлд хориг саад байдаггүй гэж ойлгож болно.
-Өнгөрсөн хорин жилийн хугацаанд танай компанийн бүтээсэн хамгийн хялбар бас үнэ цэнэтэй шийдлийг нэрлээч гэвэл?
-Зах зээлд гаргаж байгаа программууд маань хялбар биш, хэрэглэхэд түвэгтэй бол угаасаа шийдэл биш л дээ. Тиймээс бид борлуулахаас өмнө энэ тал дээр маш их анхаарч ажилладаг. Харин үнэ цэнэ гэдэгт би дээр хэлсэн харилцаа гэсэн ойлголтыг давтмаар байна. Бид харилцагчгүйгээр нэг ч өдөр ажиллахгүй байсан. Тиймээс миний болоод манай компанийн хувьд хамгийн чухал, хамгийн том ололт амжилт бол хамт олон, харилцагчид маань гэж бардам хэлнэ. Энэ амжилт хямд үнээр олдоогүй гэдгийг компаниа хорин жил удирдсан хүний хувьд хэлье.
-Та харилцааны тухай нэлээд онцоллоо. Тэгэхээр бизнес ба нийгмийн хариуцлагын тухайд ямар бодолтой явдаг юм бол...?
-Бизнесийг хүмүүс л хийдэг. Тиймээс нийгмийнхээ хөгжилд гар бие оролцож, тодорхой үүрэг гүйцэлдүүлж байх хэрэгтэй. Гэхдээ зорилтот бүлгийн хүмүүст материаллаг тусламж үзүүлэх гэх мэтээр хязгаарлаж, өрөөсгөл ойлгох бус нийгмийнхээ маргаашийг анхаарах нь чухал. Тийм ч учраас манай компани оюутан залуусыг мэргэжлээр нь гүнзгийрүүлэн сургах, дадлагажуулах тал дээр их, дээд сургуулиудтай байнга хамтын ажиллагаатай ажилладаг. Амрыг бодож туршлагатай мэргэжилтэн авч ажиллуулах биш, дөнгөж төгссөн залуусыг сургаж дадлагажуулан, ажилтнаа болгохыг бид эрхэмлэдэг. Тэдгээр оюутнуудаас сургуулиа төгсөөд манай компанид ажилтнаар орсон нь олон. Зөвхөн манай компанид дадлагажих биш, манай хөгжүүлсэн программыг сургууль дээрээ ашиглах боломжийг бид мөн бий болгосон. Жишээлбэл, 2 их сургуулийн лабораторийн компьютерүүд дээр бид программаа үнэ төлбөргүй суулгаад нэлээд хэдэн жил боллоо.
Сургуулиас гадна хувийн хэвшил, төрийн байгууллагуудын манлайлагч залуучуудыг нэгтгэсэн JCI олон улсын байгууллагатай нягт хамтын ажиллагаатай ажилладаг. 2010 онд нэг салбарынх нь ерөнхийлөгчөөр би өөрөө ажиллаж байсан. 2017 онд Монголд 51 орны 3600 төлөөлөгч хүрэлцэн ирсэн “JCI ASPAC” бүсийн чуулганыг зохион байгуулахад гар бие оролцсон. Бидний JCI байгууллага судрын баринтаг хандивлах санаачлагыг иргэдийн дунд өрнүүлж, 2015- 2017 онд 35 мянга орчим баринтаг цуглуулан Улсын Төв Номын Санд байгаа судруудыг баринтаглаж дуусгасан. Түүний зэрэгцээ “Цусны төв”-д компани, хамт олноороо цусаа хандивладаг уламжлалыг тогтоосон. Энэ бүхэн бол манай компанийн нийгмийн хариуцлагын нэгээхэн хэсэг.
-Монголын мэдээлэл, технологийн салбарт залуучуудын гүйцэтгэх үүргийг та хэрхэн хардаг вэ?
-Манай салбар бол залуу үе давамгайлсан гэдгээрээ онцлог. Монголын мэдээлэл, технологийн салбар өнөө үеийн залуусын оюун ухаан, хүч хөдөлмөрийн үр дүнд хөгжил цэцэглэлтийн шинэ шат руу дэвшиж байна гэж хувьдаа дүгнэдэг. Гадаад зах зээлтэй өмнө нь зөвхөн аутсорсинг хийх хэлбэрээр холбогдож байсан бол өнөөдөр өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх буюу нэг үгээр экспорт хийх эхлэлүүд гарч эхэлсэн. Тухайлбал финтек, блокчэйн технологийг хэрэгжүүлэгч компаниуд байна. Мөн веб темплэйт, плагин, гар утасны апп зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулдаг залуус олширлоо. Программ хөгжүүлэгч залуусыг дэмжээд өгвөл түүхий эд шаарддаггүй валютын орлогын урсгалыг нээх ирээдүй харагдаж байна.
Монголын мэдээлэл, технологийн салбар өнөө үеийн залуусын оюун ухаан, хүч хөдөлмөрийн үр дүнд хөгжил цэцэглэлтийн шинэ шат руу дэвшиж байна гэж хувьдаа дүгнэдэг.
Программ үйлдвэрлэгчдийн холбоо, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо гээд манай салбарын мэргэжлийн холбоодын дийлэнх гишүүн нь өнөөгийн залуусын байгуулсан компаниуд байдаг. Зах зээлд чанартай программын бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор үндэсний программын компаниуд 2015 онд Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоог байгуулсан юм. “Инфосистемс” компани тус холбооны үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд өнөөг хүртэл тус байгууллагын Удирдах Зөвлөлд нь сонгуульт ажилтай.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны болон компанийн ажилд амжилт хүсье!
-Баярлалаа. Хорин жилийн ой тохиож буй компанийхаа хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа “Инфосистемс” компанитай хамтран ажиллаж ирсэн бүх албан байгууллага, нийт хэрэглэгчдэдээ баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Ярилцсан: О.Шинэтуяа
"Зиндаа" сэтгүүл. 2019 №13.
Сэтгэгдэл ( 0 )