Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхий сайд И Наг Ён өнөөдөр /2019.03.26/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлж, энэ хүрээнд хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуулах зэрэг бодит санал, санаачилга гаргаж байгаагаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулан өгөв. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан талаараа эргэн сануулж:
Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх боломжтой талаар төсөл, судалгааг товч танилцуулав. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны дээрх хэлбэрүүд нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэлээ.
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёнг 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд одоогийн Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгохын тулд хичээн ажиллахаа хэлээд, ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ярив.
Тухайлбал, дээр яригдсан төслүүд болоод агаарын тээвэр, улс хооронд зорчих асуудал зэргийг сайтар ярилцахаар болсон талаар мэдээлэл өгч, эдгээр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анхаарч өгөхийг хүслээ. Мөн залуусын бизнес зөвлөл байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагуудаар дамжуулан үр дүн гаргахад нь анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндөн ярьсан юм. Жишээ нь, монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ёнгоос хүслээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд И Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд нь амжилт хүсч, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд мэндчилгээ дамжууллаа.
Сэтгэгдэл ( 0 )