Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар сүүлийн жилд Хэнтий аймгийг онцлох болов. Шийдвэр гаргалтын төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг зоригтой өрнүүлж, эрс өөрчлөлтүүдийг хийсэн, хүн ам нь нэмэгдсэн, төсөв нэмэгдсэн, ногоон хөгжилд суурилсан бодлогоо тодорхойлсон гэх мэт сайн мэдээг ар араасаа дагуулсаар явна. Нөгөөтээгүүр Ерөнхий сайд, МУ-ын ЗГХЭГ-ын дарга энэ нутгаас сонгогдсон нь хувьсгалын тохироо бүрдлээ гэдэг шиг хөгжлийг түүчээлэхэд хувь нэмрээ оруулж буй нь дамжиггүй. Хэнтий Аймгийн Засаг дарга, Эдийн Засгийн ухааны доктор, профессор Н.Ганбямбыг манай шударга тодотголтой цөөхөн парламентчийн нэг гэдгээр нь монголчууд андахгүй. Түүнтэй хөөрөлдөх боломж тохиож, аймагтаа хэрэгжүүлж буй бодлого, ажлынх нь талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа цаг үеийн байдлаас эхэлье. Хаваржилт хэр байна вэ? Мал сүрэг мэнд үү?
Хаврын дунд сар дундаа орлоо. Шинэ төлийн дуу цангинаж, малчид, хөдөлмөрчдийн маань ажил ид ундарч байна. Бид хаврын бэлтгэлээ сайтар базаасан. Гэхдээ урт хавар болох учраас уужирч, тайвширч болохгүй. Ихэнх нутагт хуурайшилт ихтэй, гал түймэр гарч болзошгүй эрсдэлтэй байгаа. Тиймээс эрсдэлийг бууруулах зорилгоор сумдынхаа онцлогт тохируулан гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж, нийтээрээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-Энэ жил хэчнээн төл авах вэ? Мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?
Манай аймаг энэ жил 2.1 сая төл бойжуулахаас одоогоор 40.6 мянган шинэ төл авсан дүнг холбогдох мэргэжлийн байгууллагаас авлаа. Ирэх сарын эхнээс мал төллөлт жигдэрнэ.
- Хавраас аймгийн ажил, тэр дундаа бүтээн байгуулалт өрнөдөг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд царцчихаад байсан нэлээдгүй ажил хөдөлгөөнд орлоо?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шаргуу хөөцөлдлөгөөгөөр олдог. Тухайлбал, графикийн дагуу 7-р сарын сүүлээс салбарын яамдад саналаа хүргүүлж, албан бичгээ өгнө. Шаардлагатай зарим санал дээрээ очиж хөөцөлдөхгүй бол хасагдчих гээд байдаг. Бас нүүр хараад хүмүүс арай өөр. Сангийн яам 9-р сарын дунд хүртэл салбарын яамдаас санал авч нэгтгэнэ. Тэр үед Сангийн яамаар хөөцөлдөнө. Аймгийн Засаг дарга нь хөөцөлдөөд байхад хасалтай нь биш, Засгийн газрын хуралдаан дээрээ хасах биз гэх маягийн яриа өрнөнө. Дараа нь Засгийн газар 2-3 удаа хуралдаж, ирэх оныхоо төсвийн төслийг бэлтгэж, Ерөнхий сайдад эцсийн мэдүүлгээ танилцуулна. Тухайн үед үндэслэлээ тайлбарлаж, Засгийн газрын гишүүдийг сайтар мэдээлэлжүүлсэн байх хэрэгтэй. Энэ мэтчилэн шат шатанд хөөцөлдөж байж хуучирч муудсан, актлагдсан барилгуудаа шинэчилж чадлаа. Ер нь Засгийн газрын гишүүд, салбар хариуцсан сайд нар Хэнтий аймгийн онцлог, хөгжлийн бодлогын талаар мэдээлэлтэй болсон.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын харьяа яамд, УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтад хэчнээн цаг зарцуулав?
-Яг нарийн гаргаагүй. Аймгийнхаа ажилд уягдаад санасан хэмжээндээ явж, хөөцөлдөж чадахгүй юм. Гэхдээ чухал үед очихоос өөр аргагүй. Ер нь надад ээлжийн амралт авах боломж гардаггүй. Гурван жилийн хугацаанд ээлжийн амралт нэг ч аваагүй явж байна.
-Нээрэн бодоод үзэхэд аймгийн дарга нар наадам өнгөрөөгөөд амардаг. Тэр үеэр нь төсөв хэлэлцдэг?
-Ээлжийн амралт авахын оронд хэдэн яамдаар гүйгээд, Сангийн яамаа сахиад суучихвал аймагтаа хэрэгтэй хөрөнгө оруулалт, төсвийг гайгүй татчихна. Төсөв хэлэлцэж байхад миний утас амардаггүй. Улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг шийдвэрлэх хэлэлцүүлэг байдаг. Улсын төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр хэлэлцдэг.
-“Мөнхчулуун” сангийн “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Хэнтий аймагт гурван сар ажиллаж байгаа. Төслийн санаачлагч, Зам тээврийн сайд асан М.Зоригт гуай тантай хийсэн лайв ярилцлагаараа онцолсон байдаг. Тухайлбал, та улсын төсвийн 50,5 тэрбумын хөрөнгө оруулалтыг аймагтаа татсан. Гэтэл Говь-Алтайд түүхэндээ анх удаа 17 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, алтайчууд баяр хөөртэй байгааг харьцуулсан байдаг. Тэгэхээр бусад аймгуудтай харьцуулшгүй хөрөнгө оруулалт танай аймагт оржээ?
-Зарим аймгийн дарга нар Хэнтий аймагт яагаад их хөрөнгө оруулалт орчхов гэж хардана. Яг үнэндээ явсан нохой яс зууна гэгчээр хөөцөлдөж байж, үр дүн гардаг. Тэрнээс биш би хамаг хөрөнгө оруулалтыг хамаад байгаа юм биш. Намайг гутлынхаа улыг ханзартал яамдаар графикийнх дагуу гүйж байхад надтай таарсан аймгийн дарга хэн байгаа юм. Нэг ч яамны хаалгаар шагайгаагүй байж, битгий олон юм яриад байгаарай гэхээр маргах хүн гарахгүй. 2019 онд Хэнтий, Увс аймаг хамгийн их төсөв, санхүүжилт авлаа.
-Өнгөрсөн 2018 онд 50 шахам тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөсөн гэж та хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр онцолсон. Онцлог ажлаасаа нэрлэвэл?
2016 онд улс орноо хямралаас аврахын тулд Засгийн газраас шинэ объектод нэг ч төгрөгийн хөрөнгө оруулахгүй гэсэн хатуу зарчим баримталсан. Түүнийг бид зарим тохиолдолд зөрчсөн. Ерөнхий сайдын багцаас 350 сая төгрөгөөр Шинэ Өндөрхаан хороололд цахилгаан дамжуулах шугам тавьж, дулааны станцыг ашиглалтад орууллаа. Мөн хороололд хувийн хэвшлийнхнээр нэг м.кв 880 мянган төгрөгийн үнэтэй хямд төсөр 48 айлын орон сууц барьсан нь иргэдийн эрэлтэд нийцсэн. Дахиад нэгийг энэ онд барих төлөвлөгөөтэй байгаа. Ер нь сонгуулиас хойш манай аймагт 90 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, үүнээсээ өнгөрсөн онд 50 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Бид аймгийн төвийн хуучирч муудсан, актлагдсан барилгуудаа шинэчлэхийг зорьсон. Стандарт хэмжил зүйн хэлтсийн хуучин барилга 1957 онд баригдаж, 60 жил ашиглаад цаашид хүн ажиллах боломжгүй болсон. Татварын хэлтсийн барилга 2000 онд баригдсан ч, Дадал сумын пионерын зусланг буулгаж, хуучин модоор барьснаас үүдэн ялзарч эхэлсэн. Тиймээс Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, шинэ Өндөрхаан хорооллын 200 хүүхдийн цэцэрлэг, Авто буудлаа шинэчлэх ажлыг өрнүүлсэн. Ихэнх барилгаа өнгөрсөн онд хүлээж авлаа. 3 барилга 50 хувийн гүйцэтгэлтэй, энэ зун, намартаа ашиглалтад орно.
-Хөдөө сумдад юу хийсэн бэ?
-Сумддаа төрийн үйлчилгээний барилгуудыг шинэчлэх ажлыг мөн эхлүүлсэн. Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумдад цэцэрлэг, Баянхутаг сумын спорт зал, Баян-Овоо сумын гурван давхар дотуур байр саяхан ашиглалтад орлоо. Зарим ажил энэ онд дуусна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Батноровт нэг тэрбум гаруй төгрөгөөр Андлалын өргөө, Биндэр сумын Их хуралдай ордыг эхлүүлсэн. 50 хувийн гүйцэтгэлтэй явна. Энэ намартаа жуулчид хүлээж авах боломж бүрдэнэ.
Н.ГАНБЯМБА: 1996 ОНЫ ӨВӨЛ АЙМГИЙН ТӨВӨӨ ӨНДӨР ХҮЧДЭЛД ХОЛБОЖ, БИД АМЬСГАА АВЧ БАЙЛАА
-Саяхан Хэнтий аймагт Шадар сайд онцгой комиссын чиглэлээр ажиллаад явсан. Нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээллээс үзэхэд та Шадар сайдыг ажиллах үеэр нэлээдгүй ажил шийдвэрлүүлжээ. Энэ талаар тодруулъя?
-Энэ хавар хуурайшилт ихтэй байгаа учраас гамшгийн эрсдэлийг бууруулах, хуурайшилтын үеийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шадар сайд зүүн аймгуудад ажилласан. Бид Шадар сайдын ажилласан сумдад тулгарсан бэрхшээлийг ард иргэдтэйгээ хамтран уламжилж, шийдвэрлүүлэхэд анхаарсан. Жаргалтхаан сум бол манай баруун хойд сумдын төвд байрлалтай. Түймэр гарлаа гэхэд машины хүрэлцээгүй, сайн дурын хэсгийнхэн нь хөл нүцгэн хоцордог. Тиймээс сумын иргэн н.Алтанхуяг санал гаргаж, Шадар сайд УАЗ-452 буюу Пургон машин шийдвэрлэв. Мөрөн суманд 1962 оноос хойш ашигласан, одоо актлагдсан соёлын төвд үйлчилгээ явуулдаг. Мөн сургууль, ЗДТГ-ын барилга нь дээврээсээ бороо цас гоожиж, хананд нь цууралт өгсөн учраас Шадар сайдад танилцуулсан. Ө.Энхтүвшин сайд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа соёлын төвийг ирэх оны төсөвт оруулж өгье гэж амласан. Дөнгөж сая ярилцлага эхлэхийн өмнө бид утсаар холбогдсон. Засгийн газрын хуралдаанд оруулна, ирэх оны төсөвт суулгана гэдгийг протоколд тэмдэглүүлсэн гэнэ лээ.
Түүнчлэн Батноров сумын Бэрх тосгон 1980-аад оны эхэн үед баригдсан, алдагдалтай ажилладаг, технологи нь хуучирсан дулааны станцтай. Өнгөрсөн өвөл бараг л аюулын байдалтай өвөлжлөө. Энэ онд станцыг засварлах 900 сая төгрөгийг төсөвт суулгасан байсан. Харин 900 саяараа дулааны станц шинээр барихад дэмжлэг үзүүлээч гэдэг санал дэвшүүлсэн. Үүнийг мөн Засгийн газрын хуралдаанд оруулъя гэсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдтай ч шинэ станц барья, одоогийн станцаас баруун тийшээ 80 метрт шинэ станцаа барьчихвал шугамын алдагдал гаргахгүйгээр арай ашигтай, төсөвт дүндээ багтахаар, Бэрхийг халаачих шинэ уурын зуух баригдах боломжтой гэдгийг ойлгуулсан. Бэрхэд ажиллах үеэрээ Шадар сайд Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, Аврах 49-р ангид УАЗ Хантер машин гардуулж, аврагч н.Баярмагнайд хариуцуулан өгсөн.
Аймгийн Онцгой байдлын газарт мөн шуурхай удирдлагын машин дутагдалтай байсан. Орон нутгийнхаа төсөвт 50 сая төгрөг суулгасан ч туулах чадвартай унаа авахад хүрэлцээгүй. Иймээс 35 сая төгрөг нэмж, унааны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Мөн Ус цаг уурын газарт УАЗ-452 хүссэн. Түүнийг Онцгой комиссын дарга ойрын үед шийднэ гэдгээ мэдэгдсэн.
-Хэнтийчүүд таныг анх УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо цахилгаан эрчим хүч шийдвэрлэсэн. Аймгаа өндөр хүчдэлтэй болгосон гэдгээр нь сайн мэддэг. Зарим нь бүр П.Жасрай сайдтай бильярд тоглож байгаад асуудлаа оруулсан гэж ярьдаг юм билээ?
-1990 онд Хэнтий аймгийн Биндэр сумаас Дашийн Бямбасүрэн гуай Ардчиллын анхны ерөнхий сайдаар томилогдсон. 1992 оны 7-р сар хүртэл ажилласан хүн. Шилжилтийн, ороо бусгаа үед маш их ачаалалтай ажилласан. Хуучин цагт манайхаас дээшээ татлагагүй, нэгдүгээр хүнээ зүүн аймгаас сонгохгүй гэдэг хатуу бодлого барьж байсан. Тиймээс Ерөнхий сайдаар ганц та сонгогдсон зам, өндөр хүчдэл хоёрын аль нэгийг шийдэж өгөөч гэж хүссэн. Шилжилтийн үед үндсэндээ хоёр жил хүрэхгүй хугацаанд Д.Бямбасүрэн гуай маань ажилласан. 1992 оны сонгуулиар П.Жасрай гуай ерөнхий сайд болсон. Асуудлаа П.Жасрай гуайд “тулгасан”.
Н.ГАНБЯМБА: УЛСЫН ДУНДЖААС 100 ГАРУЙ МЯНГАН ТОНН ТАРИА ИЛҮҮ ХУРААСАН
-Цаашаа юу болсон бэ?
-Би ч УИХ-ын гишүүнээр сонгогдож, асуудлаа үргэлжлүүлээд холбогдох сайд дарга нарт хүргээд явсан. Аймгийн дарга Ц.Балдандорж гуай байлаа. Эдийн засгийн байнгын хороогоор өндөр хүчдэлд холбох асуудал маань үе үе уначих гээд сандаргана. Баянхонгорынхон манай өндөр хүчдэлийг унагаад өөрсдөө орох зохион байгуулалтыг маш сайн төлөвлөсөн. Яагаад гэхээр байнгын хороонд асуудал оруулж байгаа Эрчим хүчний дэд сайд Д.Миша баянхонгорынх. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга, ЭЗУ-ны доктор Г.Цэдэндагва Баянхонгороос сонгогдсон хүн. Тиймээс манай саналыг унагах гэж янз бүрээр үзсэн.
Тухайлбал, эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг маргааш өрнөнө гэдгийг өмнөх шөнө нь мэдүүлсэн. Яг тэр шөнө Ц.Балдандорж гуайг түргэн авахуулж, Хэнтийгээс Улаанбаатар руу зураг төслөө авчруулаад, өглөө нь зураг төслөө тэвэрч байнгын хорооны гишүүдийн өрөөгөөр гуйж явсны хүчинд ганцхан хүний илүү саналаар байнгын хороогоор дэмжигдэн, УИХ-д өргөн барьж, 1993 онд хэлэлцэгдсэн зураг төсөл маань батлагдаж, 1994 оноос Баянмөнх сумаас нааш 99 км шугам татсан. 1996 оны өвөл аймгийн төвөө өндөр хүчдэлд холбож, бид сая амьсгаа авч байлаа. УИХ дээр ч унагаах гэж үзсэн шүү. Өөрөөр хэлбэл нэлээн хэрүүл тэмцэл дунд өндөр хүчдэлээ шийдэж, бусад сумдаа холбох боломж нээгдсэн.
-Өөрөөр “Ганбямбын зээл” гэхээр хэнтийчүүд андахгүй. Тухайн үедээ л жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үүсгэл, санаачлага явагдаж байсан юм болов уу гэж би ойлгодог?
-Тухайн үед УИХ-ын гишүүдийн мэдэлд нэжгээд нэг тэрбум төгрөг хуваарилна. Одоо найман тэрбум хуваарилж байна. Тэр мөнгөөр би Хэнтий аймгийн төвд гурван цэцэрлэг барьж, ахмадуудаа машинтай болгосон. Бусад мөнгөө жижиг дунд бизнесийг дэмжих сан болгоод, хүүгүй, банкаар дамжихгүй гэсэн нөхцөлтэйгөөр бүх сумддаа хуваарилж, сумдынх нь ИТХ-д хариуцуулан иргэддээ олгосон. Нэг суманд дор хаяж 100 сая, томоохон сумдад 200 сая, аймгийн төвд 600 сая төгрөг хуваарилсан. Үүнийг Ганбямбын мөнгө гэж нэрлээд дадчихжээ. Анх удаагаа улсын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, иргэдээр хэлэлцүүлэх гэсэн оролдлого л доо. 2009 онд энэ санг нэвтрүүлсэн. Өөр аймаг, хотод байгаагүй. Зарим сумд сангийнхаа талыг малжуулах төсөл болгож, 100-200 эм хонь өгч, төлөөр малжуулах гэх мэтээр багийн ард нийтээрээ хэлэлцүүлж, үр дүнтэй зарцуулж ирсэн. Энэ сан өнөөдөр ч бий. Эргэн төлөлтийг нь сайжруулбал 2,6 тэрбум гэдэг хэрэгтэй л мөнгө.
-Та ХХАА-н дэд сайд байсан. Дэд сайдаар ажиллах үедээ атрын гуравдугаар аяныг өрнүүлсэн. Тиймдээ ч хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоо нэлээд анхаардаг байх?
-Би УИХ-д гурван удаа сонгогдсон. Дөрөв, дөрвөн жилээр солигддог хачирхалтай тогтолцоо өнөөгийн нийгэмд ч хэвээрээ байна. Зарим үед миний оронд өөр хүн дэвшүүлсэн тал бий. Шалтгаан нь төрийн өндөрлөгт гарсан дарга, дорго нар албан тушаалаа урвуулан ашиглаж, луйврын сүлжээ хийсэн завхрал, одоогийн энэ бүлэглэлүүдийг тухайн үед хатуу шүүмжилдгээс үүдэлтэй. Хэт шударга шүүмжилдэг хүнийг ахин УИХ-ын гишүүн болгох сонирхол хаа хаана аа байхгүй. Хоёр нам хавсайдах ч тохиолдол бий. Тэгж УИХ-д нэр дэвшилгүй явж байх үед С.Баярын Засгийн газар нэг шөнө дуудаад гааль, татвар, газрын асуудлыг цэгцлэх гэсэн юм. Засгийн газар ажиллаач гэдэг санал тавьсан. 2007 онд Засаг өөрчлөгдөхөд хагас жил гаруйн хугацаа үлдсэн. Хагас жилийн дотор том салбарыг цэгцлэх гэдэг бүтэшгүй, бие биедээ худлаа хэлээд яах вэ, тэгээд ч надад дарга, сайдын амбийц байхгүйг та мэднэ шүү дээ гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгтэл атрын гуравдугаар аяныг эхлүүлбэл яах вэ, ИЗНН-ын сайдын дор атрын гуравдугаар аяныг хариуцаж, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж өгөөч гэдэг санал тавьсан. Улмаар 2007 оны 12-р сард дэд сайдаар томилогдож, нэгдүгээр сард орон даяар Атрын гуравдугаар аяныг зарлуулсан.
-Атрын гуравдугаар аян амжилттай хэрэгжсэн?
Монгол улс Хятадаас ямар ч төмрийн баяжмалгүй гурил авч, сульдаа өвчний тархалт 47 хувьд хүрсэн байсан. Ийм үед бид хөрсөндөө тариа тариалахаас өөр аргагүй байдалд ацаглагдсан. Атрын гуравдугаар аяныг эхэллээ гэхэд хүмүүс их бухимдсан. Ялангуяа ахмадууд шөнө ч утастана. С.Баяр та хоёр энэ нохой гаслам халууныг харав уу. Ийм гантай байхад юугаар тариа тарих, яаж ургац хураах юм гэнэ. Ер нь нойр хүрэхгүй тэр хаврыг барсан. Гантай байсан нь үнэн. Тэр хаврын тариаланчдын улсын зөвлөгөөнийг би удирдаж хийв. Тариаланчдын маань царай баргар, сэтгэл санаа гундуу, хав халцгай газарт тариа тарих хүн олон биш. УИХ-д 35 тэрбум төгрөгийн шаардлагатай санал оруулсан ч дэмжээгүй. Улмаар ерөнхий сайд С.Баярын нөөц санг шавхсан. Хаврын улсын зөвлөгөөнөөр тариаланчдад трактор, комбайн зээлээр өгч, 50 хувийг нь улс дааж, тариагаа хурааж дуусаад, нэг, хоёр жилийн дараа үлдсэн төлбөрөө төлөх нөхцөлийг санал болгосон. Энэ нөхцөл тариаланчдыг урамшуулах механизм, гол хөшүүрэг боллоо. Хавар үр тариагаа суулгасны дараа газар сайгүй үнэмшмээргүй их бороо орсон. Бороо зүсэрч орохоо больчихсон үед. Зургадугаар сард газар болгонд бутлалт явагдаад горьдлого төрж эхлэв. Намар нь ургацаа хураатал улсын дунджаас 100 гаруй мянган тонн тариа илүү хурааж, атрын гуравдугаар аян амжилттай эхэлсэн. УИХ-аар нэг ч төгрөг өгөлгүй унагаж байсан гишүүд баяр хөөр болж, бид хамтарч атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн гэж ичихгүй ярьж байсан юм. Ямартай ч үүгээр туршлага суух нь юу юм. Хатуу хөтүүг нэлээд үзсэн. Одоо бид аймагтаа аян өрнүүлэх хэмжээний мөнгөтэй биш ч, арга барил, бодлогодоо анхаарч байна.
-Тухайлбал?
-Тариалалтынхаа төрлийг олшруулж эхэллээ. 2018 онд өмнөх жилүүдээсээ гурав дахин илүү ургац авлаа. Тэгэхдээ үүнийг тохиолдлынх гэж бодож, хувьдаа дүүрэн баярлаж чадахгүй явна. Бид анх удаагаа “Элеватор” буюу тарианы үр хадгалах савтай болно. Хоёрдугаарт тариаланчдынхаа техник, технологийг шинэчлэх арга зам эрэлхийлж байна. Хамгийн гол нь байгалиас хараат бус усжуулах системтэй болох ёстой. Гэхдээ бид өнгөрсөн жил усжуулалтын системгүйгээр яагаад гурав дахин их ургац авав гэхээр зургадугаар сарын 24-с долдугаар сарын 2-нд тариаланчдын хувь заяаг шийддэг бутлалтын үед үүлэнд зориудаар нөлөөлж чадсанд байгаа юм. Ер нь ихэнх нутгаар бороо орж, хонон өнжин шивэрсэн. Тэгж л дотроо жаахан ёлтойх гэрэлтэй болсон. Харин долдугаар сар гарснаас хойш бороо сайхан орсон. Тиймээс 16 мянган тонн ургац буюу нэг га-гаас 12.8 центнер ургац авсан. Тэгэхдээ үргэлж үүл гарч аз дайрахгүй. Усжуулалтын системийг шийдэх шаардлага тулгарч байна.
Н.ГАНБЯМБА: ХУНЧРЫН ЗӨВХӨН “ХАЯГДЛААР” НЬ НЭГ ГА-ГААС 100 САЯ ТӨГРӨГ ОЛНО ГЭДЭГ АЛТАН БОЛОМЖ
-Хунчир, царгас, тарвас гэх мэт хүнсний ногоо, ногоон тэжээл, эмийн ургамлын тариалалтыг эхлүүллээ. Энэ талаараа уншигчдад хүргээч?
-Манай аймагт тарвас нутагшлаа. Өнгөрсөн жил найман суманд тарьсан. Улсын намрын баяр үзэсгэлэн худалдаанд Дэлгэрхааны тарвас Ховдын тарвасыг гүйцэж түрүүлсэн. Тохиолдлынх байж болох ч, гараа сайтай эхэллээ. Цаашдаа бид тарвас тариалбал дотооддоо нийлүүлэх тохиромжтой байршилтай байна. 300 гаруй км давхиад Улаанбаатарт борлуулах нь ховдчуудаас илүү давуу талтай болно гэсэн үг. Хунчрыг орон даяар мэдэж эхэллээ. Хунчир тариалалтад ард иргэдээ татан оролцуулахыг анхаарч байгаа. Яагаад гэвэл бид ХАА-д ажилтай орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэхэд, ард иргэдийг татан оролцуулж, өндөр ашиг хүртэх боломжтой ургамал бол яах аргагүй хунчир. Зөвхөн хаягдлаар нь тооцоход нэг га-гаас 100 сая төгрөг олно гэдэг алтан боломж. Өнгөрсөн жил мөн 8 суманд царгас тариалсан. Царгас уургийн хаан гэдэг нь ШУ-р нотлогдсон. Манай аймагт арай ахиу тарьж байгаа. Царгасаа хорголжин болгоод авчихвал шим чанартай тэжээл болно. Бэлчээрийн даац хэтэрсэн үед царгас тариалах менежмент орон нутагт үгүйлэгдэж байна. Мөн 3000 гаран өндөр ашиг шимтэй малын үүлдэрүүдийн зохиомол хээлтүүлэг хийлээ. Ер нь малын үүлдэр угсааг сайжруулах ажил эрчимтэй эхэлж байна.
-2019 онд Хэнтий аймагт хэдэн төгрөгийн бүтээн байгуулалт өрнөх вэ?
-Төсөл хөтөлбөр, гаднын эх сурвалжийг тооцохгүйгээр улсын болоод орон нутгийн төсвөөр 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. Бид сумынхаа төвүүдэд инженерийн шугам сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн. Баян-Адрага, Биндэр сумыг нугаллаа. Баян-Овоо суманд өнгөрсөн жил 210 сая төгрөгийн ажил хийгдсэн. Энэ онд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг, Ерөнхий сайдыг улсын аварга малчны шагнал гардуулахаар ирэхэд инженерийн шугам сүлжээнд 350 сая төгрөг нэмэн шийдүүлэхээр боллоо. Өмнөдэлгэр сумын инженерийн шугам сүлжээг улсын төсөвт тусгасан, энэ жилдээ бүрэн дуусна. Дархан сумынхныг эхлүүлнэ. Ер нь сумд, байгууллага, айл өрхөө цэвэр бохир ус, дулаан, сантехникийн шугам сүлжээнд холбох томоохон ажил эхэлсэн гэж ойлгож болно. Энэ оны хамгийн томоохон бүтээн байгуулалт бол Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллараар хэрэгжүүлж эхэлсэн Дадал суманд баригдах таван давхар байшинтай тэнцэхүйц Чингисийн цээж баримал ордон. Мөн Чингис хотоос Дадал сум руу чиглэсэн 270 км замыг эхлүүлж, Бор-Өндөр сумаас Дорноговийн Даланжаргалан сум руу чиглэсэн 45 км замыг барьж эхлэхээр төлөвлөж байна. Дээрээс нь 3,5 тэрбум төгрөгөөр Өмнөдэлгэр сумын хуучин соёлын төвийг буулгаж, шинээр барих ажил эхлэх гэж байна. Энэ жил 5 цэцэрлэг ашиглалтад орно. Бэрх, Баян-Адрага, Дадал сумдад дотуур байр, Баянхутаг, Дэлгэрхаан сумдад спорт зал, Цэнхэрмандал, Дархан, Дадал, Галшар сумд ЗДТГ-ын шинэ байртай болно. Норовлин, Баян-Адрага сумдын эрүүл мэндийн төвийг өргөтгөнө.
-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа саяхан гарсан байна. Хэнтий өрсөлдөх чадвараараа огцом хурдацтай дээшилсэн дөрвөн аймгийн нэгээр нэрлэгдсэн. Цаашдаа хөгжлийн ямар бололцоо бий вэ?
-Бизнесийн орчинг сайжруулах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил бид 11.5 тэрбум төгрөгийн татварын орлого авахаар төлөвлөж, 14,2 тэрбум төгрөгийн татварын орлого олсон. Өөрөөр хэлбэл 2,7 тэрбумаар давуулан биелүүлсэн. Бизнесийн орчин маань сайжирч байгаагийн үнэлэмж бол татварын орлого нэмэгдэх. Хүн ам гурван жилийн хугацаанд 73-77.1 мянгад хүрлээ. Мэргэжлийн судалгааны байгууллага өрсөлдөх чадвараараа огцом нэмэгдсэн дөрвөн аймгийн нэгээр Хэнтий аймгийг нэрлэсэн. Сүүлийн гурван жилд хадгаламжийн дүн 50 тэрбумаас 83 тэрбум төгрөг хүртэл өссөн. Энэ цаашдаа ч өсөх магадлалтай. Дотоодынхоо жуулчдыг нэмэгдүүлэх янз бүрийн оролдлого хийж байна. Гадаад, дотоодын жуулчид нэмэгдэж байж, орлого нэмэгддэг. Тухайлбал, нэг аймагт улсын чанартай тэмцээн нэгээс хоёр удаа ховорхон тохиодог бол өнгөрсөн жил УАШ 10 тэмцээн Хэнтийд явагдсан. Энэ нь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бодитой хөрөнгө оруулалт болдог. Үүний бэлээхэн жишээ нь УАШ үндэсний сур харвааны тэмцээн зохион байгуулахад 790 харваачид, тэднийг дагасан дасгалжуулагч, жолооч, гэр бүлийнхэн гэх мэтчилэн 1700 гаруй хүн хүрэлцэн ирж, 5-7 хоногийн турш буудаллаж, дэлгүүрийн лангуунуудыг хоосолсныг хэнтийчүүд мэднэ. Тэгвэл энэ жил аймагтаа УАШ 10 тэмцээн зохион байгуулна. Зүүн бүсийн сургалт семинарууд манай аймагт ер нь төвлөрлөө. Ерөнхийдөө үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах таатай орчин бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Мундаг дарга шүү шударга зарчимч хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье. Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг.
Га дарга сайн ажиллаж байна. Харж байна. Иргэдийн ихэнх нь өндөр үнэлж байна. Энэ нам уу бодохоос ч аймшигтай. Хоёр том нам гэж өөрсдийгөө магтаад л залуучуудыг эгнээндээ нэгтгэж сумалж байгааг нь ээ. Тэд нэг их юм хийж үзсэн хүн шиг хуцах юм. Их хүнийг хүн шүүдэггүй юм.
Га дарга сайн ажиллаж байна. Харж байна. Иргэдийн ихэнх нь өндөр үнэлж байна. Энэ нам уу бодохоос ч аймшигтай. Хоёр том нам гэж өөрсдийгөө магтаад л залуучуудыг эгнээндээ нэгтгэж сумалж байгааг нь ээ. Тэд нэг их юм хийж үзсэн хүн шиг хуцах юм. Их хүнийг хүн шүүдэггүй юм.
Амжилт хүсье. Мундаг хөдөлмөрч, шинэ дэвшилтэт үзэл санаатай Засаг дарга шүү.
Иш Чааваас 90 тэрбумын ажил ганцхан 48 айлын орон сууц юм уу хахаха МАН гарч ирээд юу ч хийж бүтээгээгүй баахан хулгай хүчин аллага л хийсэн