Мартин Рейзер Монгол, Хятад, БНСУ-ыг хариуцан ажиллаж эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Дэлхийн банкны  Монгол, Хятад, Өмнөд Солонгос улсуудыг хариуцсан шинэ захирлаар Герман улсын иргэн Мартин Рейзер ажиллаж эхлээд байна. Рейзер нь Дэлхийн Банкнаас тэтгэвэртээ гарч буй  Берт Хофманы ажлыг залгуулж буй бөгөөд Бээжин хотод суурьшин ажиллах юм.

Мартин Рейзер нь Дэлхийн Банк болон олон улсын хөгжлийн бусад байгууллагуудад олон жилийн турш албан үүрэг гүйцэтгэж өдийг хүрсэн аж. Уг албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрбээр Латин Америк ба Карибын хамгийн том орон, мөн Дэлхийн Банкны томоохон зээлдэгчдийн нэг болох Бразил улс хариуцсан Дэлхийн Банкны захирлаар ажиллаж байв. Бразил улс руу 2012 онд нүүхээсээ өмнө Рейзер Дэлхийн Банкны хамгийн том харилцагчдын нэг, Европ, Төв Азийн хамгийн томоохон зээлдэгч болох Турк улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирлаар ажиллаж байжээ.

Рейзер “Дэлхийн хэт ядууралд цэг тавьж, хөгжил цэцэглэлтийг хурдасгах зорилгын маань гурван гол түнш болох Хятад, Монгол, Солонгос улсуудад Дэлхийн Банкийг төлөөлж ажиллах боломж олдсонд тун их талархаж байна. Эдгээр улсуудтай байгуулсан бат бэх, амжилттай түншлэлээ улам бататгаж урагшлуулах хөгжүүлэхийн төлөө би хичээн ажиллах болно” гэсэн байна. Рейзер нь 2003 онд Дэлхийн Банкинд анх Узбекистан улс хариуцсан менежер, үүний дараа Украин улс хариуцсан Тэргүүн эдийн засагчаар ажиллаж байжээ.

Түүнчлэн Беларус, Молдав, Украин улс хариуцсан захирлаар 2008 онд томилогдож дэлхийн санхүүгийн хямралыг тухайн гурван оронд даван туулах хариу арга хэмжээг удирдан ажилласан юм.  Тэрбээр Бразил улс дахь Дэлхийн Банкны салбарыг удирдан ажиллахдаа улс орны эдийн засгийн гүн хямралыг даван туулж, тогтвортой, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд тулгуурласан өсөлтийг хөхүүлэн дэмжихэд туслах төсвийн болон бүтцийн шинэчлэлд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратегийн чухал өөрчлөлт хийсэн байна.

Дэлхийн Банкинд ажиллахаас өмнө Ноён Рейзер нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байжээ. Тэрээр 2012 онд Европын эдийн засаг, нийгмийн загварын ирээдүйн талаар Golden Growth буюу Алтан Өсөлт нэртэй гол тайланг хамтран бичсэн байдаг. Рейзер нь макро эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр Лондонгийн Эдийн Засгийн Сургуульд Эдийн засаг, хөгжил судлалын магистр, Германы Киелийн Их Сургуульд докторын (PhD) зэрэг хамгаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top