Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ гуравдугаар сард нийт 99 Банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ бүртгэлд өөрчлөлт оруулсны 96 нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлжээ. Харин хоёр нь нэмж салбар байгуулсан, нэг нь оноосон нэрээ өөрчилсөн байна.
СЗХ нь 2016 оноос банк бус санхүүгийн зах зээлд чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байгаа юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах энэхүү бодлогын гурав дахь үе шат эхлээд явж байна.
Дээрх бодлогын шийдвэрийн дагуу энэ оны эхний улиралд ББСБ-ууд дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэхээр заасан бөгөөд Хороо ББСБ-уудын дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр холбогдох бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байна. Дараагийн үе шатанд буюу 2020 оны хоёрдугаар сар гэхэд ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.9 тэрбум төгрөгт хүргэх юм.
Сэтгэгдэл ( 0 )