Тайванийн ЖДҮ-ийн орчинтой танилцав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Тайванийн Тайпэй хотноо 18 дахь удаагийн Монгол - Тайванийн эдийн засгийн хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа. МҮХАҮТ, Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцов.

Хамтарсан уулзалт нь Монгол - Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Тайванийн дэвшилтэт техник технологийг оруулах, шинэ зах зээлд гарах зэрэг боломжуудыг хоёр орны бизнес эрхлэгчдэд бий болгох зорилгоор зохион байгуулагддаг юм.

Монгол - Тайванийн худалдаа эдийн засгийн хамтарсан хуралд Монгол Улсын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, барилга, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож буй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн В2В уулзалтууд зохиогдов.

Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин Тайванийн ЭКСИМ банк, ЖДҮ-ийн зээлийн баталгааны сан, Олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн сан болон ЖДҮ-ийн Инноваци инкубатор төвүүдээр зочилж уулзалт, хэлэлцээрүүдийг хийлээ. 

Энэ удаагийн форумын үеэр “Ухаалаг хотын үзэсгэлэн-2019” зохион байгуулагдаж манай талаас харилцаа холбоо, хог хаягдал дахин боловсруулах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уг үзэсгэлэнг үзэж сонирхлоо.  Тайпэйн “Ухаалаг хотын үзэсгэлэн” нь Барселоны “Ухаалаг хотын үзэсгэлэн”-гийн дараа бичигдэх томоохон арга хэмжээ юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.70.33.164) 2019 оны 04 сарын 03

Тайван?

0  |  0
Top