Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтэй ярилцлаа.
-Ардчилсан нам уг нь сөрөг хүчин. Гэтэл МАН-ын дотоод зодоонтой холбоотойгоор сөрөг хүчин маань дотроо дахиад сөрөг хүчинтэй болчихлоо. Орос найтаахад Монгол хатгаа авав гээч л танай намд тохиолдож байгаа харагдах юм. Ардчилсан намын залуу гишүүний хувьд намын бодлого дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөн дээрээ улс төрийн намуудын хагарал мэт харагдаж байгаа ч миний харж байгаагаар Монголын нийгэмд шударга ёс тогтох, өнгөрсөн 28 жилийн хугацаанд бугшсан бүхэн ил болж байна. Хоёрдугаарт, Ардчилсан нам парламентад есөн суудалтай сөрөг хүчин. Харамсалтай нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх гэхээсээ илүүтэйгээр одоогийн намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон бусад хүмүүс МАН-ын дотоод тэмцэлд нэг бүлэглэлийг нь дагаж улс төр хийснээс болж Ардчилсан нам өнөөдөр бүлэггүй болсон. Ардчилсан намын рейтинг өмнө нь байгаагүй хэмжээнд хүртлээ шалан дээр уналаа. Угтаа жам ёсоороо манай нам сөрөг хүчний үүргээ биелүүлээд намын рейтингээ өсгөх ёстой. Гэтэл эсрэгээрээ уруудаж байгаа нь намын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас шууд болсон.
Ардчилсан намын жирийн гишүүд болон залуусын байр суурь тэднээс өөр байгаа юм. Ард түмний баялгийг хулгайлсан, шамшигдуулсан энэ хүмүүстэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. Нийгэмд шударга ёс тогтоож хууль, шүүхийн байгууллагад салхи оруулъя гэхээр манай намын удирдлагууд будилуулаад байна. Тэдний энэ явуургүй зүйлстэй бид санал нийлэхгүй.
-Ардчилсан намын залуус бодлого гэхээсээ илүү хоёр хуваагдсан ах нарыгаа дагаж гүйгээд байгаа юм биш үү. Өнгөрсөн 28 жилийг дүгнээд үзэхээр ах нар чинь хүрдэг оргилдоо хүрч, авдаг бүхнээ авсан байна. Залуус одоо арай өөр байж болохгүй байгаа юм уу?
-Бид дуугарч байгаа л даа. Залуус маань янз бүрийн байр суурьтай байна. Энэ бүхний эхлэл С.Эрдэнэ гэдэг хүн М.Энхболд гэдэг улстөрчийг хамгаалснаас үүдэлтэй юм. Ингэж л Ардчилсан нам хагарсан. 2017 онд манай нам дотор даргын сунгаа явж С.Эрдэнэ гэдэг хүн хамгийн олон санал авсан. Намын Их хурлаараа батламжлуулж бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх ёстой байсан. Гэтэл намын Их хурал зохион байгуулагдаагүй, бүрэн эрх нь хэрэгжээгүй, намын даргын сунгаа будлиантай болсон гээд нам доторх яриа газар авч байлаа. Тэр үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хадаг сүүтэй угтаж байсан шүү дээ. Сүүлийн үеийн улс төрийн томоохон үйл явцыг харахад С.Эрдэнэ гэдэг хүн М.Энхболд гэдэг хүнийг хамгаалдаг болсон. Үүнээс үзэхэд энэ хоёр хүн улс төрийн эрх ашгаараа нэгдэж, улс төрийн хоршлыг бий болгосон.
Бид 2015 онд Ардчилсан нам эрх барьж байгаа хэдий ч дотроо фракциудад хуваагдаж, Засгийн газраа огцруулчихсан үймээнтэй байх үед Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийг байгуулж “Та нар засаг барьж байгаа бяртай байж болно. Гэхдээ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Ардчилсан нам гэхээсээ илүү олигархиуд төрийн шийдвэрийг гаргаад байгаа юм биш үү” гэдгийг ил цагаан ярьж байсан юм шүү. Тэр байр суурь одоо ч хэвээрээ. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам огтхон ч шинэчлэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ тухайн үеийн нөхцөл байдлаасаа улам хүнд шавар балчигт шигдчихлээ. Тиймээс шинэчлэлийн асуудлыг дахин ярьж байгаа нь энэ.
-С.Эрдэнэ дарга намын шинэчлэл хийгдэж дууссан гэж байсан. АН-ын дарга асан З.Энхболд “Ардчилсан намынхан хүссэн хүсээгүй Эрдэнэ гэдэг хүнтэй сонгуульд орохоос өөр аргагүй” гэсэн л дээ. Дүрмээрээ намын дарга өөрөө өргөдлөө өгөх эсхүл сонгуулийн үр дүнд хариуцлага хүлээх юм билээ. Тэгэхээр дүрмийнхээ хүрээнд огцрох боломжгүй юм биш үү?
-З.Энхболд даргатай огт санал нийлэхгүй байгаа. Тэр хүний л байр суурь. Ардчилсан нам шинэ дүрмээ баталсан нь үнэн. Намын зургадугаар Их хурлаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хоёр сар дүрмийн шинэчлэл дээр ажилласан. Тухайн үед би ажлын хэсгийн нарийн бичиг байсан юм. Намын долдугаар Их хурлаар намын дүрмээ бид батласан. С.Эрдэнэ гэдэг хүн намын дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ өөрт ашигтай хувилбаруудыг нэмж засварлан батлуулсан. Нэг үгээр хэлбэл хууль бус гэсэн үг. Бушуу туулай борвиндоо баастай гэдгий үлгэр болсон. Тэр үед эхлээд намын дүрмээ батлачихаад намын даргаа сонгох байсан юм. Намын дарга сонгогдоод араас нь дүрэм батлахаар нөгөө хүн чинь өөртөө давуу талыг бий болгоно биз дээ. Хэдхэн үг өөрчлөхөд л тэр том дүрмийн үндсэн концепци өөрчлөгдчихдөг.
Намын даргын үүргийг хангалттай гүйцэтгэж байна уу, үгүй юу гэдэг санал хураалтын талаарх заалт байсныг авч хаясан. Түүнчлэн аливаа нам дотор Хяналтын хороо хараат бусаар ажиллах ёстой байтал С.Эрдэнэ гэдэг хүн Хяналтын хороонд намын дарга санал болгож оруулна гэж дүрмийг засаад намын хяналтыг гартаа авчихсан. Намын дотоод сонгуулийн хороог мөн гартаа авснаар нэг хүний хяналтгүй тогтолцоо бий болсон. Дөнгөж намын дарга томилогдчихоод байхад нь шүүмжлээд байх хэцүү байсан тул С.Эрдэнэ даргад өөрийгөө харуулах, ямар лидер вэ гэдгээ нотлох цаг хугацаа хэрэгтэй байсан юм. Цагийн эрхээр энэ хүн ямар хүн бэ гэдгээ хангалттай харуулсан, одоо болно. Энэ хүн дарангуйллын аргаар намаа хагалан бутаргаж хүнд байдалд оруулсан. Ийм лидертэй Ардчилсан нам ялалтад хүрэхгүй. Тиймээс намын даргаа зайлшгүй солих ёстой.
-Ямар ч байсан Ардчилсан намын дүрэм яаж ч батлагдсан байсан одоо намын даргаа сольж болохгүй. Харин та солино гээд байх юм. Дүрмээс гадуур тийм боломж байгаа юм уу?
-Улс төрийн намын тухай хуулинд намын эрх барих дээд байгууллага нь намын Их хурал гээд заачихсан байдаг. Тэр дотор нь дүрмээ батлах, өөрчлөх, намыг татан буулгах, өөр намтай нэгтгэх гээд бүх эрх нь намын Их хуралд хадгалагддаг. Намыхаа Их хурлаар намын даргадаа хариуцлага тооцдог заалтыг оруулж өгнө. Тиймээс дөрөвдүгээр сарын дөрвөнд намын Онц Их хурал зарлагдана гэдэг зүйл яригдсан. Онц Их хурлаар намын даргыг өөрчлөх, дүрмээ өөрчлөх боломж нь бий. Ардчилсан тогтолцоог хамгаалах, шударга бус зүйлтэй тэмцэх зүйл намын удирдлагуудаас огт харагдахгүй байна. Хэсэг бүлэг хүмүүс эрх ашгаа хамгаалах хэрэгсэл нь Ардчилсан нам болчихоод байна. МАНАН бүлэглэл бий. Мафийн тогтолцоо ч бий болсон. Үүний нэг хэсэгтэйгээ Ардын намынхан тэмцсэн, өөр нэг хэсэг нь шүүх, прокурорт байсантай бүгд тэмцэж байгаа. Дахиад нэг хэсэг нь Ардчилсан намд байгаа юм. Тиймээс намын удирдлагад байгаа мафижсан хүмүүсээс салаад намаа шинэчлэх ёстой. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, С.Эрдэнэ Засгийн газрын гишүүн байх үед шийдсэн. Тэдний ард Монголын ард түмэн байсан юм уу. Үгүй. Олигарх бүлэглэл л байсан. Тэр утгаараа командаар нь хөдлөсөн. Бохир системд гарч чадахааргүй болтлоо шигдсэн хуучирсан улстөрчдөөсөө салахгүйгээр аль нэг нам шинэчлэл хийлээ гэж байгаа нь шал худлаа шүү. Тийм юм гэж байхгүй. Намын залуус болон гишүүдийн итгэл үнэмшил энэ хүмүүст хариуцлага тооцож, огцруулах ёстой. Хууль шүүхийн байгууллагаар шалгуулж хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Дараа нь улс төрийн томоохон албан тушаалд ямар ч байсан манай намаар дамжин очихгүй байх ёстой. Ийм хатуу байр суурьтай байгаа.
-Тэр хүмүүс ямар нэгэн бүлэглэлд хамаатай байлаа гэж бодъё. Та нар харин ямар нэгэн бүлэглэлд хамааралгүй гэдгээ яаж нотлох юм. Таныг Н.Алтанхуягийн хүн гэдэг шүү дээ?
-Манай намд шинээр орсон хүмүүс хуучны тэр хэдэн фракциар дамжихгүй бол юунд ч хүрдэггүй байлаа. Бялуу хуваах бүх зарчим фракциар дамждаг. УИХ-д хүн нэр дэвшүүлэх, албан тушаал хуваах дээр фракциуд амь бөхтэй оршсоор байсан. Үүнээс хараат бус байх тал дээр ажилласан. Хоёрдугаарт, намыг мөнгөнөөс хараат бус болгоё гэж ажилласан юм. Тэр нь ямар нэгэн албан тушаалд очиж байгаа хүмүүстээ мөнгөний босго тавихгүй байхаар шаардлага өгсөн ч С.Эрдэнэ гэж намын дарга болоод үүнийг завхруулсан. АН-ын даргад нэр дэвшлээ гэхэд 250 сая төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, дүүргийн намын даргад 20 сая төгрөг төлж байж нэр дэвшихээр болгосон. Манай намд ингэж мөнгөний систем буцаж нэвтэрсэн. Хуучин хүмүүс шинэчлэлийг хийнэ гэдэг худлаа юм байна. Тахимаа өгөхгүй байгаа хуучин улстөрчдөөсөө Ардчилсан нам салах ёстой.
-Танай намд фракц амь бөхтэй оршсоор байна уу?
-Бүлэглэлүүд байна.
-Та ямар бүлэглэлд нь хамаарч байна вэ?
-Аль ч бүлэглэлд хамаарахгүй байгаа. Намын сонин тараах ажлаас эхлээд сонгууль болгонд тоосоо өргөж явсан. Аль нэгэн бүлэглэлд хамаарч байсан бол өнөөдөр ингэж зоригтой дуугарч чадахгүй. Хэн нэгэн даргыг дагаж чадахгүй.
-Таныг Норовын Алтанхуягийн хүн гэдэг. Үүнтэй санал нийлэхгүй гэж үү?
-Н.Алтанхуяг гэдэг хүн зургаан жил намын даргаар ажилласан. Бусад намын дарга нартай харьцуулахад жирийн гишүүдтэйгээ ойр байдаг байсан. Яагаад тэгж хамаатуулаад байгааг ойлгохгүй байна.
-Тавдугаар сард сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам ялалт байгуулах боломж байна уу?
-Энэ байдлаараа байвал ялагдана. Намайг муу амлалаа л гэх байх. Нам дотоод асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгуульд бүр хүнд байдалд орно. Ардчилсан нам дотроо хоёр гурав хуваагдахад бэлэн болчихлоо. Ж.Батзандан, Л.Болд нар нам байгуулаад гарчихлаа. Н.Алтанхуяг дарга “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан. Цаашид яаж хүч тарамдахыг мэдэхгүй. С.Эрдэнэ гэдэг хүний дарангуйлал дор Ардчилсан нам цаашаа явахгүй.
-Онц хурлаа энэ сарын дөрвөнд хийнэ гэж байсан больсон уу, танай нам?
-Шөнө 23 цагт намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийхдээ намын Онц их хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хийнэ гэж мэдэгдсэн. Болох байх гэж бодож байтал Онц их хурал маань Онц их хуралдай болно гээд байх юм. Онц их хурал зарлалаа гэхээр нь бид “Онц их хурлын үеэр бид намын дотоод асуудлыг ярилцъя. Намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт намынхан итгэл үзүүлж байгаа эсэхийг ярилцъя” гэдгийг хэлсэн. Хариуцлагаас бултаад байгаа юм уу, Онц их хурал маань Онц их хуралдай хийж Сүхбаатарын талбай дээр жагсана гээд байх юм. Манай намын дүрэмд Онц их хуралдай гэдэг үг байхгүй. Энэ хүмүүс МАНАН бүлэглэлийн хүмүүс шүү дээ.
Сэтгэгдэл ( 17 )
ene heden jil turd zutgesen geed olon jil turd amidarlaaa zoriulsan huniii umnuus soliorood baina. Ene huuhed turiin parlamentiin medleg meregshil bii yu? Ene huuhed songogdoj chadaagui songuulid orj chadaagui ah naraasaa ovoo amlalt awjee. Gemgui huniig harluulah geed bitgii oroldood bai. Ehleed uuruu neg hun shig hun boloh heregtei! Oyun sanaagaa hudaldadgui baih heregtei
ene heden jil turd zutgesen geed olon jil turd amidarlaaa zoriulsan huniii umnuus soliorood baina. Ene huuhed turiin parlamentiin medleg meregshil bii yu? Ene huuhed songogdoj chadaagui songuulid orj chadaagui ah naraasaa ovoo amlalt awjee. Gemgui huniig harluulah geed bitgii oroldood bai. Ehleed uuruu neg hun shig hun boloh heregtei! Oyun sanaagaa hudaldadgui baih heregtei
Ene zaluugaa namiihaa dargaar tawiachee ter muu sain luivarchdar yaadiin
За хүүхдүүд мтнь намыг маань данжаад Эрдэнээ(100 гаруй тэрбум төгрөгийн хулгай, луйвар хийгээд хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан. Үүнийг нь хаацайлж буй шүүх, прокуророо халагдахаас үхтлээ айж байгаа.), луухаан Эрдэнэбат(Бага нуурт 2 ЖДҮ, сонгогдсон тойрогтоо 7 тэрбумын ЖДҮ тараасан), Элбэгдоржтонгууд болох Пүрэвдорж(Өмч хөрөнгийн ихээхэн булхайтай, Ховд), Сүхбаатар(Элбэгдоржийн Бээжин дэх төлөөлөгч), Амаржаргал(Элбэгдоржийн нууц төлөөлөгч), үхсэн хүний нэр дээр тэтгэвэр шаасан нийгмийн даатгалын байцаагчдаас цэвэрлээд өгөөрэй.
АН дотор шударга ирээдүйгээ гэсэн залуучууд гарч ирж байгаад баярлаж байна. Та нарт амжилт хүсье. ...Нэг удаа Баатараас -Монгол улс хэзээ хөгжих вэ гэж асуухад тэрээр- Миний үеийнхэн үхэж дууссаны дараа хөгжинө дөө гэсэн гэдэг. Муу хүн үхдэггүй гэдэг Залуучууд та нарын эрин үе эхлэчихсэн хуучин бүхнийг зайлуул өөрсдөө замаа тавь
Эрүүгийн хэрэгтэн нам шинэчилэнэ гэж юү байхав.Энэ АН ийхан ийм юмийг ойлгодоггүй юм байх даа.Эсвэл бүгд эрүүгийн элeмeнтүүд байдаг юм уу.
залуучуудыг дэмжиж бна битгий шантар тэмц ард чинь ард түмэн бна шүү
зөв зөь С.Эрдэнэ гэдэг хулгайчаас салах ёстой ард түмэн гишүүдийгээ юман чинээ боддоггүй хүний үнэргүй новш өөрөө л хагартлаа баяжсан хулгайч нийгмийн даатгалаас өчнөөн их мөнгө идэж уугаад шоронд бхад нь Элбэгдорж аргалж гаргасан Элбэгдоржийн бөгс долоогчийг үайлуулах хэрэгтэй ард түмэн дэмжиж бна
Ih zob odoo hyychin ydirdlagaas calah heregtei
Ах нар чинь бялуундаа бялуурчихсөөн. Та нарт хэцүү дээ. АН аа устга.
Улс төрч гэж хэнийг, ямар хүнийг хэлдэг вэ? Монгол хэлэнд төрийн бодлоготон гэсэн үг байдаг. Эрүүл саруулаар сэтгэж алс хэтийг харах чадвартай Төрийн бодлоготонг л улс төрч гэмээр юм. Гэтэл одоо тийм хүмүүс төрийн аль ч байгууллагад байхгүй л байна шүү дээ. Тахимаа өгөхгүй байгаа төрийн бодлоготон биш эрх мэдэлд шунаж улайрсан луйварчид гэж тэднийг нэрэлбал арай зохимжтой байхаа даа.
Хэхэ, нээрээ ОНЦ ИХ ХУРАЛДАЙ гэж юу болж таарах гээд байнаа? Их хурал гэвэл мэдээж байна, хуралдай гэхээр нэг л ойлгомжгүй болоод байна. Мунхаг миний бодлоор бол хурланцар гэмээр юм уу даа. Зарим ярианы хэлэнд даргыг дарганцар гэж хэлдэгтэй л адил юм сонсогдоод байх юм.
Ene zaluugaa ter ardchilsan namiiin dargaaraa tawio yrshig zvger buur hulhiduulj duuslaa ed nart
АН-ын байрыг зараад идчихсэн Алтантуяагийн алны үснүүд
Altsanhuyagin dyy yu esvel Jenkogiin golog yy
Энэ естой мундаг залуу хэний хүн байх чинь хамаагүй. Тэмцлээ тууштай үргэлжлүүл чамд боломж бна залуу