Улс төрийн нам, эвсэл хандивлагчдынхаа БАРЬЦААНД байдаг нь тогтоогджээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Хоёр жилийн өмнө байгуулагдсан “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Тэрхүү судалгааны гол “эзэд” нь өнөөгийн парламентад суудалтай гурван нам аж. Өөрөөр хэлбэл, тус түншлэлээс МАН, МАХН, АН гэсэн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээг нь тооцоолж үзжээ. Гэтэл судалгааны үр дүн тэдний хүлээж байснаас өөр гарсан талаар судалгааны багийн ахлагч, доктор Э.Гэрэлт-Од хэлж байна.

Тэрбээр “Бид үндсэндээ улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг дөрвөн хэлбэрээр судалсан. Улс төрийн намуудын тайлагнах тогтолцоо, мэдээллийн тогтолцоо, хяналтын тогтолцоо, хариуцлагын тогтолцооны хүрээнд судалгаагаа явууллаа. Өөрөөр хэлбэл, судалгааны анхны зорилго бол нам, эвслийн санхүүжилт ил тод байгаа эсэх, ардчилсан нээлттэй байна уу, иргэдийн оролцоог хэр хангаж байна, намынхаа гишүүдэд хуулиар тогтоосон үүргээ биелүүлж чадаж байна уу зэрэг асуултад хариулт хайсан. Гэхдээ судалгаанаас бидний хүсч байснаас тэс өөр үр дүн гарсан” хэмээн өчигдөр болсон “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ, судалгаа”-ны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьсан юм. 

НАМЫН ДАРГА НАР ХЭТ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙНА

Өнөөгийн УИХ-д суудалтай гурван намын дарга нарт хэт их эрх мэдэл төвлөрсөн нь улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн намын дарга намынхаа гишүүдэд санхүүжилтийнхээ талаар ямар нэгэн мэдээлэл өгдөггүй, ажлаа тайлагнадаггүй, хаалттай байдаг нийтлэг дүр зураг МАН, МАХН, АН-аас харагджээ.

Харин эсрэгээрээ намын гишүүд нь санхүүжилтээ ил тод болгохыг дарга нараасаа нэхэж, шаарддаггүй нь судалгаагаар ил болсон байна. Шалтгаан нь, намынхаа санхүүжилтийг тайлагнахыг шаардсан гишүүдэд янз бүрийн дарамт, шахалт ирдэгтэй холбоотой талаар ч судалгаанд оролцогчид ярьжээ.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМУУД ХАНДИВААР САНХҮҮЖДЭГ

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс хийсэн судалгаагаар Монголын улс төрийн намууд хандивлагчдынхаа мөнгөөр санхүүжиж, амьдардаг нь тогтоогджээ. Гэтэл хуулиараа аливаа улс төрийн намд санхүүжилтээ босгодог арга, механизм зайлшгүй байх ёстой аж.

Харамсалтай нь, парламентад суудалтай гурван нам болох МАН, АН, МАХН аль нь ч ялгаагүй тэрхүү хуулийн заалтыг хэрэгжүүлдэггүй, бүр хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй нь судалгаанаас харагдсан байна.

Энэ ч утгаараа дээрх гурван нам улс төрд авлига, албан тушаалын наймааг цэцэглүүлж, өөрсдөө хандивлагчдынхаа барьцаанд байдаг гэх дүгнэлтэд судалгааны багийнхан хүрчээ.

УЛСТӨРЧИД АШИГ ХАРЖ АЛБАН ТУШААЛД ОЧИЖ БАЙНА

Судалгааны багийнхан Монголын улс төрийг “муу хүн” гэж дүгнэжээ. Учир нь, улстөрчид ашиг харж, албан тушаалд очдог, улс төрийн нам, эвсэл өөрсдөдөө ашигтай тохиролцоог хийдэг болсон нь дээрх дүгнэлтийг өгөхөд хүргэжээ. Энэ талаар Судалгааны багийн ахлагч, доктор Э.Гэрэлт-Од “Үндсэндээ Монголын улс төр муу хүн болчихжээ. Дээр нь аливаа сонгуулиар сонгогчдын саналыг худалдаж авдаг дүр зураг тамтагаа алдсан байна. Хэдийгээр үүнийг хориглодог хуулийн заалт байдаг ч улс төрийн намууд болон улстөрчид хэрэгжүүлдэггүй” гэх тайлбарыг өглөө.

ГИШҮҮД ЯЛАЛТ БАЙГУУЛАХЫН ТУЛД ДАЛД ХАНДИВ АВДГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Судалгааны үеэр УИХ-ын гишүүд аливаа сонгуульд ялалт байгуулахын тулд далд хандив авахаас өөр аргагүйд хүрдэг талаараа ам алджээ. Энэ талаар “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ, судалгаа”-ны багийн ахлагч, доктор Э.Гэрэлт-Од “УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулахын тулд далд хандив авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон нэгэн УИХ-ын гишүүн “Манай компани улс төрийн намд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй. Энэ бол ил болж байгаа нь. Харин ил болоогүй маш их санхүүжилт байдаг” хэмээн ярилаа.

Бүрэн эхээр нь "Өглөөний сонин"-оос уншаарай

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.24.38) 2019 оны 04 сарын 04

OIlgomjtoi yumiig sudlaad togtoogood baih ni eruul bish niigmiin setgelgee

0  |  0
Top