Ц.Батбаяр, Ч.Сайханбилэг нар бие биенийхээ булхайг илчлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Сонгуулийн тухай хууль олны анхаарал татсаар байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг хэлэлцэж байгаа. Сүүлийн хэлэлцүүлэг нэлээд ширүүн болов бололтой. Энэ удаа сонгуулийн бие даан нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нарын тухай хэлэлцсэн юм. Ухуулагч, шадар туслагч нарыг мөнгөтэй, мөнгөгүй ажиллуулна гээд гишүүд баахан маргалдав. Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр нар урьдын булхайгаа ч дэлгэлцэж амжсан байна. Ч.Сайханбилэг нь түүнийг өнгөрсөн сонгуулиар хашаа болгонд ухуулагч томилж сонгогчдод мөнгө тараасан гэлээ. Улаан хацарт Ц.Батбаяр харин ч улайсангүй. Тэр бүр цайчихсан бололтой. Энэхүү асуудал нь хуулиар зохицуулагдаагүй тул түүний буруу байгаагүй гэсэн утгатай үг  бас тэр үеэр заал дүүрээд явчихав. Харин Ц.Батбаяр “Ч.Сайханбилэг хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлээ ярьж байна” гэсэн хариу барьснаар тэдний хэрүүл түр намжив. Сонгуулийн ухуулагч бол яах аргагүй нэр дэвшигчийнхээ мөнгийг барьж, түгээх ажлыг зохион байгуулддаг байлаа. Үүнийг олон түмэн аль хэдийнээс мэддэг болсон. Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр нар одоо болсон хойно хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж, нэг талаар сонгогчдодоо хандан “Өнгөрсөн юмны хойноос та нар яаж ч чадахгүй” гэсэн санаа чулуудаад байгаа юм болов уу даа. Ц.Батбаяр 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт их хэмжээний мөнгө тараасан тухай яриа өнөөдрийг хүртэл яригдсаар л байдаг гэнэ. Ч.Сайханбилэг ч мөн айл болгоныг интернетэд холбож өгнө хэмээн бэлэн бусаар санал худалдан авсан юм билээ. Ийнхүү бие биеэ илчилсэн уг хурлаар сонгуулийн ухуулагч нарыг харин сох юу ч үгүй явган нүцгэн гүйлгэж байснаас ядаж унааных нь зардлыг ч гэсэн  даах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал      

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top