Монгол адууны дэл, сүүлээр бийр, сормуус үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

“Эмээлт” захад энэ өвөл нэгэн шинэ үйлдвэр үүд хаалгаа нээжээ. Монгол адууны дэл, сүүлийг угааж, цэвэрлэж, бэлдэц хийдэг “Мон торгон дэл” ХХК юм. Тус компани өмнө нь Монголд боловсруулалт хийдэггүй байсан адууны дэл, сүүл, сарлагийн саваг зэргийг дэвшилтэт шинэ технологи ашиглан улсдаа анхны томоохон үйлдвэрийг нээж, дотооддоо түүхий эдээ боловсруулж эхэлжээ. “Мон торгон дэл” ХХК 60 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Олонх нь монгол ажилчид бөгөөд цөөн тооны Хятад ажилчдыг монгол ажилчдаа сургах, зааварчилгаа өгөх чиглэлээр ажиллуулж байгаа юм байна.

Тус үйлдвэр нь малчдаас адууны дэл, сүүлийг худалдан авч боловсруулалт хийж байна. Дэл, сүүлийг олон шат дамжлагатайгаар цэвэрлэж, бэлдэц болгон гаргадаг ажээ. Эхний ээлжид дэл, сүүлийг өнгө өнгөөр нь ялгасны дараа угаах, шорооноос нь салгах ажлыг хийдэг байна. Түүний дараа хатаалганд оруулж хатаах, тусгай тосоор тослох, самнах, тэгшилгээ хийж, боож баглах гэсэн шат дамжлагаар бэлдэц бий болдог ажээ. Бэлдэц бэлэн болсны дараа БНХАУ руу экспортолж байна. Монгол адууны дэл, сүүл БНХАУ-аар дамжин, Европын зах зээлд гардаг ажээ. БНХАУ-д ийм үйлдвэр хэд хэд бий гэнэ. Монголдоо энэ үйлдвэрийг байгуулснаар малчдаас авч буй дэл, сүүлний үнэ ханш өндөр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж байна. Дээрх бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан адууны дэл, сүүлийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ онцлог юм.

Тус үйлдвэр байгуулагдсанаар дэл, сүүлний үнэ ханш тогтвортой болсон байна. Өмнөх жилүүдэд БНХАУ-аас орж ирсэн ченж нар үнэ тогтоодог, хямд үнээр худалдан авдаг байсан бол тус компани байгуулагдсанаар өрсөлдөөнийг бий бол­гож, үнэ нь харьцангүй өсөлттэй байгаа ажээ.

Монгол адууны дэл экспортод гарснаар эцсийн бүтээгдэхүүн болохдоо хөгжмийн зэмсгийн утас, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэгсэл, хиймэл үс, сормуус, гудас, хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг байна.

Дэл, сүүлээр хийсэн бэлдэц БНХАУ руу экспортод гарч байна

“Мон торгон дэл” компани өдөрт 400-500 кг дэл, сүүл боловсруулан гаргаж байна. Тус компанийн менежер Б.Ургахбаяраас бүтээгдэхүүний талаар мэдээлэл авлаа.

Тэрбээр “Монгол Улс жилд ойролцоогоор 150 мянга орчим адуу хүнсэндээ хэрэглэдэг. Мөн жил бүрийн 5, 6 дугаар сард малчид адуугаа дэллэнэ. Энэ бүх адууны дэл, сүүлийг хоёр сарын хугацаанд БНХАУ-ын цөөн хэдэн ченж нар ирж ачаад гарцгаачихдаг. Монголдоо нэмүү өртөг шингэж, үүнийгээ дагаад ажлын байр бий болгоё гэсэн бодол тээж үйлдвэрээ байгуулсан. Эхлээд БНХАУ-аас энэ чиглэлийн туршлагатай ажилчдыг авчраад монгол ажилчиддаа сургасан. Монголчууд маань сайн суралцаж байна. Сургалт аваад, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад зургаан сар орчим болсон байна. Дэл, сүүлээр хийсэн бэлдэц маань эхнээсээ БНХАУ руу экспортод гарсан. Манай бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжаад Европын зах зээл дээр гардаг. Монгол адууны дэл, сүүл нь төрөл бүрийн гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдаст, уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус үйлдвэрлэх бэлдэц болдог. Бид цаашид бэлдэцээ гадаадад экспортлохоос илүүтэй Монголдоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Цаашид манай үйлдвэр хөгжиж чадвал 1000 орчим ажлын байр бий болгох бүрэн боломжтой.

Хийж байгаа арга нь дандаа гар ажиллагаа­гаар хийгдэж байгаа. Нэг хүндрэл нь малчдаас ирж байгаа дэл, сүүлийг авах тал дээр Хятад иргэд үнэ цохидог. Өрсөлдөөн бий болсон. Энэ нь биднийг хэцүү байдалд оруулж байна. Гэхдээ дэл, сүүлний үнэ өндөр байгаа нь эргээд малчдад ашигтай юм. Манай ажлыг Хүнс Хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын газраас дэмжиж байгаад талархаж байна. Цаашид тогтвор суурьшилтай ажиллах иргэдээ эндээ ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна. Манайх Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажиллах хүчнээ бүрдүүлсэн” гэлээ.

Малчдаас адууны сүүлийг 10-12 мянган төгрөгөөр, дэлийг нэг кг-ийг нь 6000 төгрөгөөр худалдан авдаг байна. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй, дэлхийн зах зээлийн 40 хувь эзэлдэг ажээ. Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тонн, адууны сүүл 100 тн, сарлагийн сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй ажээ. 

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санаа(122.201.23.84) 2019 оны 04 сарын 08

Баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Жинхэнэ ЖДҮ-ийн бага хүүтэй зээл өгөх ёстой хүн байна даа

0  |  0
Top