АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд албан тушаалаа өглөө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Кирстьен Нилсен албан тушаалаа өгөх болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Дотоодын аюулгүй байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр АНУ-ын цагаачлал, гаалийн хяналтын албаны дарга Кевин Макэлинэнийг томилсон байна.

Мэдээллийн Axios порталын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын асуудал, ялангуяа Мексиктэй залгаа хил дээр хана босгох, хууль бус цагаачдыг албадан гаргах асуудал дээр Нилсен тодорхой байр суурь баримтлахгүй байна хэмээн шүүмжилдэг байв. Гэхдээ Трамп шалтгааныг нь нэрлээгүй байна.

Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Цагаан ордны тэргүүн АНУ-ын өмнөд хил дээр онц байдал тогтоох тогтоолд гарын үсэг зурснаар нийт найман тэрбум ам.долларын санхүүжилт авах боломжтой болсон. Энэхүү санхүүжилтийг Мексиктэй залгаа 376.5 км хилийн зурваст хаалт барих, засварлахад зарцуулах юм. Энэхүү хилийн хаалт хууль бус цагаачлал, хар тамхины наймааг таслан зогсооход дөхөм болно гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top