Үйлдвэрлэлийн ослын 31,8 хувь нь уул уурхай, барилгын салбарт гарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт өчигдөр боллоо. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, НДЕГ-ын дэд дарга Г.Саран, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр нар оролцов. Дашрамд дурдахад, үйлдвэрлэлийн ослын 31,8 хувь нь уул уурхай, барилгын салбарт гарчээ. Аяны нээлтийн үеэр албан байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу иргэд олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгч оролцов. Тухайлбал, ХАБЭМТ-өөс хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дээд сургуулиас ХАБ-ын мэргэжилтнүүд бэлтгэж байгаа талаар, ХАБЭА-н хууль, дүрэм журам, эрх зүй, Мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ талаар зарим байгууллагууд, мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан: Энэ арга хэмжээг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар найм дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах, ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх зэрэг чухал ажлуудыг хийж байна.

ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат: Үйлдвэрлэлийн осолд өмнөх онтой харьцуулахад 17 хувиар буурсан

Хөдөлмөрийн аюулгүй байдал сарын аяны 2019 оны нээлт өргөн дэлгэр болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сарын аяныг 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн. 2017 оноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв сарын аяныг идэвхтэй зохион байгуулж, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын харьяа байгууллагууд, МХЕГ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв ингээд бүх талын оролцогч талууд хоорондоо идэвхтэй хамтарч ажилласны хүчинд тодорхой хэмжээнд нийгэмд үйлдвэрийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалах өвчинг бууруулах чиглэл дээр хамтарч ажиллаж байна. Мэдээж, оролцогч талууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулснаар Монгол хүн ажлын байр дээр үйлдвэрлэлийн ослыг бууруулах дээр тодорхой үр дүнг өгнө гэж бодож байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт. 2018 онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 31.8 хувь нь уул уурхай, барилгын салбарт бүртгэгдсэн байна. Иймд бид ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

МХЕГ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр: Хяналт шалгалтаар ихэвчлэн хөдөлмөрийн харилцаатай асуудлууд яригддаг

МХЕГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага бол бүх Аж ахуй нэгж, уурхай дээр ч юм уу хүрч очиж ажиллахад цаг хугацаа болон хүн хүчний хувьд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр бидний болон төрөөс барьж байгаа бодлого бол хөдөлмөрчин хүн, ажил олгогч төрийн байгууллагууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр яаж хамтарч ажиллаж, ойлголцож ажиллах ёстой вэ гэдэг асуудал. 2011 оны Засгийн газрын 311 дүгээр тогтоол дээр дотоод хяналт шалгалтын хуулиар Аж ахуй нэгж байгууллагууд дотоод хяналт шалгалтаа хэрхэн биелүүлж байгаа юм гэдгийг бид анхаарах ёстой. Хяналт шалгалтаар ихэвчлэн хөдөлмөрийн харилцаатай асуудлууд яригддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэг асуудлыг ярихад хөдөлмөрийн аюулгүй байдал, харилцаа хамгийн эхэнд тавигддаг. Яагаад гэхээр хүн ажилд орохдоо хамгийн түрүүнд Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээн дээр бүх нарийвчилсан зүйлсийг тусгах ёстой гэсэн асуудлууд дээр анхаарал хандуулахаар ажиллаж байна. Тоног, төхөөрөмжийн хувьд манайх бол дутуу дутмаг байгаа. Энэ нь Аж ахуй нэгжүүд болон манай улсын хөгжилтэй хамааралтай байх. Тэр тоног төхөөрөмж байгууллагаас л хамааралтай. Гол зөрчлийг арилгах гэж үйл ажиллагааг нь түр зогсоодог. Ийм л арга хэмжээ авдаг. Зөрчлөөсөө шалтгаалаад Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн хяналт тавьдаг.

Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутан Э.Сандаг: ХАБ-ын мэргэжилтэн боловсролын зах зээл маш эрэлттэй байгаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн хувьд энэ жил маш онцлогтой. Энэхүү сарын аянд хамтран зохион байгуулагчаар оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр бакалаврын зэргээр анхдагч мэргэжилтэнг бэлтгэж гаргаж байгаагаараа давуу талтай. Нөгөө талаар ХАБ-ын чиглэлийн сургалтын тоног төхөөрөмж баазаар тоногдлогдсон мэргэжлийн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэн гаргаж байна. ХАБ-ын мэргэжилтэн боловсролын зах зээл маш эрэлттэй байгаа. Дээрээс нь, тус мэргэжлээр суралцах сонирхолтой оюутан залуус маш их болсон. Манай сургуулийн хувьд практик дадлагыг оюутнууд маань хичээлтэйгээ уялдуулан хийдэг. Манай сургууль “Эрдэнэт” , “Оюу толгой” зэрэг томоохон компаниудтай хамтын ажиллагаатай учраас ХАБ-ын үйл ажиллагаатай танилцдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top