С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулахыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 55.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд "Түр хороо байгуулах  тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн талаар санал боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, нотариатын шинэ төрлийг хуульчлах, нотариатчдыг  сургах, давтан сургах, тэдний ажиллах хугацаа, насыг тодорхой болгох зэрэг нэмэлт зохицуулалтыг шинээр тусгасан гэж байлаа. 

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс нотариатчдын гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн дагуу хүлээлгэх хариуцлагыг хуульд тодорхой тусгасан эсэхийг лавлалаа. Мөн нотариатын үйлчилгээний үнэ, тарифыг хэн хаанаас тогтоодог, өмгөөлөгчид нотариатын үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа  эсэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нотариатын үйлчилгээг хаанаас авахыг илүүтэй тодруулсан. 

Хуулийн төслийн хүрээнд нотариатчдын хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргасан. Тухайлбал, нотариатын үйлдэл хийсний дараах үр дагавар, зөрчлийг илрүүлээд хариуцлага тооцох хугацаа нэг жил байдаг нь нотариатчдад сахилгын хариуцлага хүлээлгэх боломжгүй болгодог байсан. Хуулийн төсөлд энэ хугацааг хоёр жил болгосон. Түүнчлэн зөрчил гаргасан нотариатчинд сануулах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоох, эрхийг нь хүчингүй болгох заалтууд оруулж ирсэн. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд ч, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ч өмгөөлөгч нотариатын үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Нотариатын үйлчилгээний үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталдаг. Энэ дагуу нотариатын үйлчилгээний үнийн дээд хэмжээ нь 300 мянган төгрөг хүртэл байгаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүрд аль нэг дипломат ажилтанд нь нотариатын үүрэг эрхлэх давхар эрхийг ХЗДХЯ-аас олгодог. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийн газар бүрд нотариатын үүрэг гүйцэтгэгч байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариулж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.  Тэрбээр танилцуулгадаа, Түр хороо байгуулах асуудал жил гаруй саатаж, цаг хугацаа шаардсан, нэлээд хэдэн чуулган дамжсан. УИХ өмнө нь Хууль  зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороон дээр хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан ч  хууль эрх зүйн хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь мухардалд орсон юм. Иймд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу энэ асуудлаар Түр хороо байгуулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрээд энэ асуудлыг өргөн барьсан. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргах цаг нь болсон. С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол  болон ойрын өдрүүдэд болж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гарч байгааг танилцуулгадаа онцлов.

Тэрбээр, энэ асуудал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, нөгөө талд нь энэ  гэмт хэргийг бусдад тохох гэж эрүүдэн шүүсэн бас нэгэн гэмт хэрэг болсныг онцлохын зэрэгцээ Түр хороо байгуулаад хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон гэж  байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol tumenees(99.203.143.240) 2019 оны 04 сарын 10

МАНАН дэглэмийн дуулгавартай гар хөл болж улс төрийн захиалгаар хууль завхаруулж, хэлмэгдүүлэлт явуулсан Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Д.Дорлигжав, С.Бямбацогт, орлогч прокурор Г.Эрдэнэбат, АТГ-ын дарга Ч.Энхжаргал, ТЕГ-ын дарга Б.Хурц Д.Гэрэл нарыг хуулийн хариуцлагад татаж, тэдний даалгавараар эрүү шүүлт тулгаж, олон арван бизнес эрхлэгчдийг дарамтлаж бизнесийг булаан авсан, тэднийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн, хорьж айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж хууль зөрчих явдал хэвийн зүйл болгосон шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, АТГ ба Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг ал

0  |  0
жанаргүл(202.9.42.49) 2019 оны 04 сарын 10

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

2  |  0
Top