АНУ Европын Холбооны нийт 11 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн хураамж ногдуулах асуудлыг судалж байна. Энэ нь Airbus компанид санхүүгийн дэмжлэг үзүүлсний хариу арга хэмжээ юм.
Дэлхийн худалдааны байгууллага Airbus компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь АНУ-д хохиролтой хэмээн үзсэн байна. Гаалийн татварт хамрагдах бараа бүтээгдэхүүнд нисэх онгоц болон бяслаг багтана хэмээн АНУ-ын худалдааны төлөөлөгч мэдэгджээ.
Энэ алхам нь АНУ болон ЕХ-ны хооронд худалдааны хурцадмал байдал үүсгэж болзошгүй байгаа юм. Гаалийн татварт хамрагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтын талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа бөгөөд үүнд мөн нисдэг тэрэг, дарс орсон гэнэ.
Өнгөрсөн онд АНУ ЕХ болон бусад холбоотон улс орнуудаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд импортын татвар ногдуулж эхэлсэн. Үүний хариуд ЕХ АНУ-ын нийт 2.8 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий согтууруулах ундаа, мотоцикл, жүржийн шүүс зэрэг бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсан.
Талууд тохиролцоонд хүрч чадахгүй аваас АНУ ЕХ-ноос импортолж буй автомашинд гаалийн хураамж ногдуулна гэж өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )