Японы F-35 сөнөөгч онгоц осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний F-35 тав дахь үеийн сөнөөгч онгоц осолдсоноос хойш нэг хоногийн дараа сэг нь олдсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Мягмар гарагт /2019.04.09/ сөнөөгч онгоц бусад гурван сөнөөгч онгоцны хамтаар сургалт хийж яваад Аомори мужийн эргээс 135 км зайд Номхон далай дээгүүр нисч яваад, холбоо нь тасарсан байна.

Японы батлан хамгаалахын сайд Такэши Иваягийн сэтгүүлчдэд мэдээлснээр, осолдсон онгоцноос сургалт дуусан тухай мэдээлэл ирсний дараа, холбоо тасарч, радараас алга болсон байна. Онгоцны нисгэгчийг авран, хайх ажиллагаа бүтэн шөнө үргэлжилсэн бөгөөд ажиллагаанд цэргийн нисэх хүчин, цэргийн усан онгоцнуудыг дайчлан ажиллаж байна. 40 настай нисгэгчийг олоогүй байна.

Нэгхэн жил ашиглагдаж байсан сөнөөгч онгоцны ослын шалтгаан тодорхойгүй байна. Японы батлан хамгаалахын сайд ослын шалтгааныг тогтоотол F-35A сөнөөгч онгоцыг нисгэхгүй байх тушаал өгсөн аж. Хонсю арал дээрх Мисава цэргийн бааз дээр одоогоор 12 ийм төрлийн сөнөөгч онгоц үлдээд байгаа гэнэ.

F-35 сөнөөгч онгоц анхны нислэгээ үйлдсэнээс хойш энэ нь хоёр дахь удаагийн осол болж байна гэж Ройтерс агентлаг тодруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top