Брекситийн хугацааг хагас жилээр сунгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Өнөөдөр өглөө /2019.04.11/ Брюссель хотноо өндөрлөсөн Европын Холбооны шуурхай дээд хэмжээний уулзалтаар Лондонд “өрх тусгаарлахад нь” дахин зургаан сарын хугацаа олголоо.

Энэ оны аравдугаар сарын 31-нд дуусах энэ хугацаанд хаант улсад Брюссельтэй хэлэлцээр байгуулж, соёрхон батлах боломж олгож, мөн Брекситийн процессыг мөнх үргэлжлүүлэхгүйн үүднээс энэ хугацааг олгосон байна. Мөн аравдугаар сарын 31-нд Еврокомиссын одоогийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Шинэ гишүүдэд ажлаа хүлээлгэж өгөх явц гурваас доошгүй сар болдог байна.

Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер хэвлэлийн бага хурал дээр ирэх аравдугаар сарын 31-нд дахин дээд хэмжээний уулзалт болох тохиолдолд тэрбээр саяны уулзалт дээрх шиг өглөөг хүртэл суухгүй, шөнө дунд бүрэн эрх нь дуусах мөчид хурлыг орхиж гарна гэж мэдэгджээ. Сэтгүүлчид үүнийг Брекситийн процесс Сүнсний баяраар болох нь гэж ёжлон мэдээлсэн байна.

Энэ оны тавдугаар сарын 23-26-нд болох Европарламентын сонгуулийн талаар, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брекситийн нөхцөл бүхий хэлэлцээрийг сонгуулиас өмнө батлуулж чадахгүй бол Лондонд сонгуульд оролцохоос өөр арга байхгүй гэж мэдэгджээ. Гэхдээ Британи тавдугаар сарын эхний гурван долоо хоногт хэлэлцээр байгуулж чадвал, Европарламентын сонгуульд оролцолгүй, зургадугаар сарын 1-ний өдөр ЕХ-ноос албан ёсоор гарах боломжтой гэж тэрбээр тодруулав.

Их Британи ЕХ-ноос 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр буюу энэ тухай бичгээр албан ёсоор мэдэгдсэнээс хойш хоёр жилийн дотор гарах ёстой байсан. Британийн парламент ЕХ-той хийх хэлэлцээрийг батлахаас гурван удаа татгалзсан тул ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар Лондонд дөрөвдүгээр сарын 12 хүртэл хугацаа олгосон. Гэвч, Тереза Мэй энэхүү үйл явцыг улстөрийн мухардмал байдлаас гаргаж чадалгүй Брекситийн хугацааг дахин хойшлуулах хүсэлт тавьсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top