БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд төмөр замын талаар юу хэлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дотоодын 1800 гаруй цэргийн албан хаагчийн хүчээр барихаар шийдвэрлээд байгаа. Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавихаар төлөвлөжээ.  

Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. 

Мөн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж буй. Тавантолгой-Гашуунсухайтын нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар. Харин суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөөд байгаа.

Төмөр замын салбарт өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.


 ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС 2-3 ДАХИН ХЯМДХАН БАРИГДАНА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс Тавантолгойгоос нүүрсээ далай руу гаргадаг. 65-70 ам.долларын үнэтэй нүүрсээ хил хүртэл тээвэрлэхэд 120-130 ам.доллар болно. Цаашаагаа далай руу аваачих юм бол 150-165 ам.доллар болно. Тэгэхээр 70 ам.доллар байгаа нүүрс 165 ам.доллар болно гэдэг нь том алдагдал. Монгол Улсын эдийн засаг 2-3 дахин тэлэх боломж зөвхөн нүүрсний экспортод байгаа юм. Тиймээс л энэ олон жил төмөр зам ярьсан хэрэг.

Гашуунсухайт руу явах зам илүү ашигтай гэж үздэг учраас энд гаднын болон дотоодын хөрөнгө оруулалт хангалттай олдохоор байгаа. Үүнд төр 51 хувиа аваад 49 хувь дээр нь ямар нэгэн байдлаар хөрөнгийн эх үүсвэр гаргах тал дээр ажиллах шийдвэр гарсан.

Зүүнбаян бол стартегийн ач холбогдолтой зам. Нүүрсний экспортыг зөвхөн нэг улсаас хамааралтай биш байлгах стратегийн зам учраас үүн дээрээ Монгол Улс өөрийн боломжоо ашиглаж ажиллах юм. “Монголын төмөр зам” гээд байгууллага бий. Энэ байгууллагад менежментийн эрхийг нь өгөөд шуурхай, аж ахуйн тооцоотой ажиллах боломжтой гэдэг шийдвэр гарсан.

Нефтийн үйлдвэр рүү явсан зам юм. Энэ зам зах зээлийн ханшаас 2-3 дахин хямдхан баригдана. Манай инженерүүд өөрсдийнхөө боломжид тулгуурлан зэвсэгт хүчинтэйгээ хамтраад ажиллах шинэ бизнес маягийн боломж гаргаж ирсэн. Америк, Япон, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудын инженерийн барилгын цэрэг нь том бүтцээр ажилладаг. Тэгэхээр Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалтад инженер болон барилгын цэргийн хуучин бааз сууриудыг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байгаа.

 * * *

ЗҮҮНБАЯН-ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМД 780 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн 414.6 километр замыг үндэсний дотоод нөөц боломжоор барьж гүйцэтгэхээр шийдвэр гарсан. Өмнө нь “Дорнын зам” компани нэг километр замыг 3.2 сая ам.доллараар барих санал гаргаж байсан. Дотоод нөөц боломжоор нэг километр замыг 1.2 сая ам.доллараар барьж гүйцэтгэх тооцоо гарсан. Үүнд үндэсний компаниуд оролцохоос гадна ЗХЖШ болон бусад холбогдох байгууллагын судалгаан дээр үндэслэн 1800 орчим хугацаат цэргийн алба хаагч оролцох юм.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төсөвт өртөг суурь бүтцэд 780 орчим тэрбум төгрөг зарцуулна. Харин Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэсэн байгааг бид дахин тодотгож байна. Энэ замын суурь бүтцийн 56.6 хувь нь хийгдсэн учраас цааш дотоод гадаадын банк санхүүгийн байгууллага, хувь хүн гээд бусад байгууллагтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Өнөөдөр километр тутамд 32 ам.доллараар нүүрс тээвэрлэж байгаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар нэг километрт найман ам.доллар болж буурна. Тэгэхээр жилдээ төмөр замаар 30 сая тонн, машинаар 30 сая тонн нүүрсний экспорт хийхээр жилдээ 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Хэрвээ төмөр замыг хилийн 703, 704 дүгээр баганаар оруулна гэвэл 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломжтой. Харин Хятадын талтай тохирч 699 баганаар замаа тавьж чадвал 2020 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулах боломжтой гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 * * *

УРАГШАА ЯВАХ ТӨМӨР ЗАМДАА МӨНГӨ ТАВИАЧ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газраас гурван шийдвэр гарсан. Тавантолгой-Гашуунсухайтын урагшаа чиглэсэн төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн зүүн чиглэлийн төмөр зам, дээрээс нь Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг барих шийдвэр гаргасан. Эдгээрээс нэн тэргүүнд урагшаа чиглэлийн төмөр замаа барих ёстой. Бид 50 сая тонн нүүрсээ гаргах шаардлагатай байна. Нүүрс тээвэрлэлтэд гарч байгаа түгжрэл, аваар ослыг арилгах хэрэгтэй байна. Энэ төмөр замыг барьснаар жилд 25-30 сая тонн нүүрсний тээвэрлэлт нэмэгдэнэ.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниа оруулаад шийдэх боломжтой. Жил бүр тодорхой хэмжээний мөнгө тавьж болно. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-гоос авах мөнгөө зүүн тийшээгээ явах төмөр замдаа тавьчихлаа. Харин би нэн тэргүүнд урагшаа явах төмөр замдаа мөнгө тавиач ээ гэж байгаа юм.

Одоогоор 280-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Энэ хөрөнгө “Монголын төмөр зам” компанид бүртгэлтэй байгаа. Тавантолгой- Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэлт их явдаг. Тэндээс нүүрс худалдаж авч байгаа компаниа оролцуулаад 49-өөс дээшгүй хувиар нь ажиллуулаад 51 хувь дээрээ “Эрдэнэс Тавантолгой” компаниа оруулах юм бол энэ компанийн үнэлгээ нэмэгдэнэ. Нүүрсээ олборлодог, олборлосон нүүрсээ өөрийн төмөр замаар тээвэрлэдэг компанийн IPO үнэлгээ улам дээшээ явна. Тэгэхээр аль аль талдаа хэрэгтэй төсөл болно.

* * *

МӨНГӨ БАЙГАА БОЛ ДУТУУ ОРХИСОН ТӨМӨР ЗАМАА ГҮЙЦЭЭ

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Миний хэлж байгаа гол зүйл бол олон жил хэрүүл болж байгаа түрүүчийн төмөр замынхаа далангийн ажлыг дуусгая гэж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тэндээс мөнгө сулраад байна. Эндээс 200 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зориулъя гэсэн. Түүнийгээ оновчтой биш байдлаар шийдвэр гаргалаа гэж би шүүмжлээд байгаа юм. Эхнийхээ төмөр замыг шийдчих юм бол одоо үүсээд байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болно.

2014.04.08-нд Ерөнхий сайд Тавантолгойд нүүрсний тээвэрлэлт эрхэлж байгаа төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзсан. Тэнд 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 14 мянган хүн ажиллаж байна. Тэдгээр хүмүүс амьдралаараа тоглуулж дуусч байгаа. Тэгэхээр асуудлаа арилгахын тулд төмөр замаа хурдан барихаар хөрөнгөө төвлөрүүл гээд байгаа юм.

Мэдээж зүүн тийшээгээ стратегийн төмөр зам барилгүй яахав. Энэ зам чинь төмөр замын бодлогод орчихсон, хөрөнгийнхөө шийдлийг хүлээгээд байж байгаа асуудал.

Нүүрсний гол худалдан авагч нь Хятад. Хятадын компаниуд төмөр замд хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Цаанаас төмөр зам хүрээд ирчихсэн. Наанаасаа төмөр замаа холбож чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө босгохын хувьд асуудал үүсэхгүй. Ийм боломжууд зөндөө байсан. Гэвч улс төр гэдэг зүйл бизнесийг олон салбарыг боомилж байгаагийн тод жишээ.

Төмөр зам өртгөө нөхөхөд хэцүү. Тавантолгойн бүлэг ордын 270 км замыг өөрсдөө барьж, 30 сая ам.долларын төлөвлөгөө тавьж байгаа юм билээ. Тэртэй тэргүй урагшаа гарч байгаа нүүрсийг тэс хөндлөн аваачиж 414 км зөөх хэрэг байгаа эсэхийг бодох хэрэгтэй. Бас Замын-Үүдээр гарна. Боомтын ачаалал дийлэх үү гээд асуудал байгаа.

Тэгэхээр мөнгө байгаа бол дутуу орхисон төмөр замаа гүйцээх хэрэгтэй. Бид Гашуунсухайтын төмөр замаа барьчихсан байсан бол 14 тэрбум ам.долларын ашиг олох байсан. Улс орны эдийн засаг жилд нэг тэрбум ам.доллараар тэлсэн бол хэчнээн хүний амьжиргаа дээшлэх байсан бол. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл гэвэл нүүрс тээвэрлэлтэд 60 гаруй хүн нас барсан. Тэр хүмүүсийн амийг төр засгаас нэхвэл яах вэ?

 * * *

БҮХ ТӨМӨР ЗАМАА ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд овоолсон шороогоо бүрэн дуусгах зайлшгүй шаардлага бидэнд байна. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг дуусгахад гадаадын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлдэг. Ялангуяа экспортод чиглэсэн төмөр замд бид гаднын хөрөнгө оруулалтыг оруулах нь эдийн засгийн хувьд хэрэгтэй гэж үзэж байгаа.

Тавантолгойгоос Зүүнбаянгийн чиглэлд 414 км зам барих төмөр зам бол дотоод руу чиглэсэн учраас барилгын цэргийн ангийг оролцуулж үндэсний бүтээн байгуулалт байдлаар хямд өртгөөр хийхээр болсон. Үүнийг зөв байх гэж үзэж байгаа. Ялангуяа бид Сайншандад коксжих нүүрсээ авчирч чадвал Дархан, Сэлэнгийн бүсэд байгаа төмрийн хүдэртэйгээ нийлүүлээд металлургийн үйлдвэрлэл явуулах үндсэн суурь бүрдэнэ.

Нөгөө талдаа Сайншандаар дамжуулаад ОХУ-ын Владивосток, Алс дорнодын боомтуудаар нүүрсээ зарах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Олон жилийн хэлэлцээрийн үр дүнд бид ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр төмөр замаар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр ачаа тээвэрлэх боломж бүрдсэн. Боломжоо ашиглах үүднээс энэ чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүний ачааг явуулах боломж гарах байх. Тиймээс Сайншандад эрдэс баялгаа авчрах төмөр замын ажлаа эхлүүлэх нь зүйтэй.

Мөн Зүүнбаянгаас Хангийн чиглэлд 260 км төмөр зам барих ёстой. Учир нь БНХАУ-д өвлийн олимп болох учраас төмөр зам дээр ачаалал ихэссэн. Бас хятадууд Эрээний боомтоор уул уурхайн гаралтай ачаа тээвэрлэхийг хязгаарлаж эхэлж байгаа. Тэгэхээр шууд Хангийн чиглэлд төмөр зам явуулах нь эдийн засгийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа.

Иймд дээрх бүх төмөр замаа зэрэг эхлүүлээд явах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв(103.212.118.192) 2019 оны 04 сарын 14

Арилжаагаа бодвол Таван толгой Гашуун сухайт Стратегийн ач холбоглоо бодвол Таван толгой Зүүнбаян нь л юм байна даа Нэг хоёр жилийн хугацаатай юм чинь Стратегээ бодсон нь зөв байх Цэргийн хүчээр гэдэг чинь тун зөв хүүхдүүд ажил хийж сурна

0  |  0
za oilgoloo.(115.171.244.183) 2019 оны 04 сарын 13

Oyun-Erdene gej lut ediin zasagch garaad irlee. Oyun-Erdenii tootsoo yarij baigaagaar bol myanganii tsuu aldarhai tsetsen mergenii tuil boloh baih oo kkk Oyun-erdene nuursee als dornodoor gargaad ulsaa hogjuulchih bololtoi he he he. Ee buhan mini ene zuunii tsetsen mergenii tuil Oyun-Erdeniin nuurs irlee geed Oros ah nar oorsodiinhoo eskportod gargahaar achsan olon arvan vagonoo zogsooj baigaad Oyun-Erdeniin achuulsan nuursiig gargaad zogsohgui ah nar taripiin hongololtiig uzuuleh gee bizdee!!! kkkk. Hervee ene teeviin ihenh ni manai ooriin nutagaar damjin tul ene heseg ah nar tulah yum uu???

0  |  0
Зочин(202.126.89.181) 2019 оны 04 сарын 12

Содбаатар гэдэг муруй амаллсан нөхөр иөн хуцах юмаа. Ямарч чадваргүй ЖДҮ- чин шүү дэээ.

0  |  0
555(192.82.65.89) 2019 оны 04 сарын 12

ТТ-ГШ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ТҮР ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ.14000 ЖОЛООЧ ТЭД НАРЫН АРД БГАА 60 МЯН. ИРГЭДИЙН ХООЛЫГ 1 ӨДӨР БУЛААЖ БОЛОХГҮЙ...ДЭЭР НЬ IPO ЗАРЛАЖ ХӨРӨНГӨ БОСГОНО ГЭЖ АВАРГА МААНЬ АМ АЛДСАН ЭНЭ ҮНЭН БОЛ МАШ БОГИНО ХУГАЦААНД ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ЗАМ БОСНО...ХАРИН ТТ-ЗҮҮН БАЯН ЧИГЛЭЛИЙН ТРАССЫГ МОНГОЛЧУУД ТЭР ТУСМАА ЦЭРГИЙНХЭН БАРИНА ГЭДЭГ МАШ ЗӨВ АЛСЫГ ХАРСАН ХЭРЭГ....1-РТ АСАР ИХ МӨНГӨ ДОТООДДОО ҮЛДЭНЭ, ЗАРДАЛ ХЭМНЭНЭ ..2000 ОРЧИМ ХҮН ТҮҮНИЙ АРД БХ 10МЯН.ХҮНИЙ АМЬЖАРГАА ДЭЭШЛЭНЭ...МОНГОЛЧУУД ДАРААГИЙН МЯН.ТӨМӨР ЗАМ ХЭВТЭЭ ТЭНХЛЭГЭЭ БАРИХ МЭРГЭЖЛИЙН АРМИТАЙ БОЛНО ГЭЭД ...АСАР ОЛОН ДАВУУ ТАЛ БНА,,

1  |  0
Top