УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригт /2019.04.22/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн даргын хэлснээр Засгийн газрын зүгээс гуравдугаар сард УИХ-д өнгөрөгч гурван жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг өргөн барьсан байна. Бүлгийн гишүүдийн зүгээс үүнд байр сууриа хэлцгээсэн аж. Бүлгийн хурлаас тодорхой шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэг нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт гаргах, хоёрдугаарт, үлдсэн нэг жилийн хугацаанд Засгийн газар ямар ажилд түлхүү анхаарах вэ гэдэгт чиглэл гаргах юм байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг өөрсдөө өндөр хувьтай үнэлсэн байна лээ. Гишүүдийн зүгээс цаашид ямар асуудалд түлхүү анхаарал хандуулах ёстой гэсэн бэ?
-Өмнөх Засгийн газрууд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дүгнэлтээ өндөр хувьтай гаргаж ирдэг байсан. Энэ удаа Засгийн газар харин ч эсрэгээрээ бага хувьтай буюу 50.5 хувийн биелэлттэй байна гэж ирүүлсэн. Засгийн газраас эцэслэж шийдэгдээгүй ажлуудаа хэрэгжээгүй гэж үзсэн юм. Тухайлбал, Үндсэн хууль байна. Гурван жил орчим судалж, тодорхой процесс явж байгаа. Эцсийн байдлаар УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж, эцэслэн шийдэгдээгүй учир “0” хувийн биелэлттэй гэж үзсэн байх жишээтэй.
Цаашид Улаанбаатар хотын утаа, түгжрэл, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хавдрын өвчлөлөөс эхлээд анхаарах зүйл олон бий. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гээд шат дараатай олон асуудал бүлэг дээр яригдсан.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, дүгнэсэн юм байна. Гэтэл Засгийн газарт хариуцлага тооцох олон асуудал гарч ирж байгаа. Тухайлбал, Налайхын уурхайд гурван хүн амиа алдлаа. Эко Алтан Заамар дээр дөрвөн хүн амиа алдсан. Мэргэжлийн хяналт уг нь үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон юм билээ. Үүнд Шадар сайд хариуцлага хүлээх ёстой юу. Засгийн газар хариуцлага ярихгүй, та нар яагаад сануулахгүй байгаа юм бэ?
-Хүний амь нас хохирсонтой холбоотойгоор төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн бол заавал хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Холбогдох болон мэргэжлийн байгууллагуудынх нь дүгнэлт гараагүй байгаа учраас хариуцлагын асуудал ярих боломжгүй. Гэхдээ хариуцлага тооцно.
-Мөрийн хөтөлбөр 2020 оны байдлаар хэдэн хувьтай байна гэж төсөөлсөн бэ?
-Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн тодорхой томоохон асуудлыг шийдье гэсэн. Бүгдийг нь шийдэх боломжгүй. Бүгдийг нь шийдэхийн тулд хоёр асуудал тулгараад байгаа юм. Нэгдүгээрт, гаднаас зээл авах, хоёрдугаарт, концессоор хэрэгжүүлэх. Энэ УИХ, Засгийн газар гаднаас авах зээлийн хэмжээг багасгах, концесс хийхгүй байя гэж байгаа. Концесс нь ирээдүйд манай улсад өр болж үлдэнэ. Тиймээс мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй. 70 гаруй хувь руу дөхөх болов уу.
-Бүлгийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талаар мэдээлэл сонссон гэсэн. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын асуудал яригдсан. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд байсан тул гишүүд хэрэгжилт нь муу байгаа гэдэг ч юм уу асуудлуудаар асуулт асуусан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлаар УИХ-ын байнгын хороо, Засгийн газрын шийдвэр гарсан. Хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэх чиглэл рүү явж байгаа юм билээ.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох уу. Жинхэнэ ЖДҮ эрхэлдэг хүмүүс нь зээл авч чадахгүй байна шүү дээ. Бүлгийнхээ хурал дээр энэ талаар ярьдаг юм уу?
-Хэдэн хүн холбогдсоныг мэдэхгүй байна. Хоёр гурван асуудал байгаа юм билээ. Нэгдүгээрт, тойргийнхоо сонгогчдын хүсэлтийг хуулийн дагуу уламжилсны төлөө 30 гаруй гишүүн ЖДҮ-чин болсон байгаа. Хоёрдугаарт, хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүд байгаа юм билээ. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Энэ харин хариуцлага тооцох ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Тиймээс бид холбогдох газруудад нь “Энэ асуудлуудаа ялгаж салгаарай” гэдгийг хэлж байгаа. Хууль хяналтынхан салгахгүй байгаа юм. Би ярьвал нөлөөлсөн болчих гээд байгаа тул дуугүй суугаад байгаа юм шүү. Ерөнхий сайдын зүгээс хамаарал бүхий компанидаа зээл авсан бол мөнгөө төл гэдэг үүрэг өгсөн. Нөгөө зүйл нь сонгогчид ард түмнээсээ уучлалт гуй гэдгийг хэдэнтээ анхааруулсан. Хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн гурван зүйл байна.
-АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ гээд байгаа нь үнэн үү. Ерөнхий прокурорын томилгоо хийгдсэнтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн прокурорын томилгоо хийгдэх үү. Бүлэг дээр яригдсан болов уу.
-АТГ-ын дарга, дэд даргын асуудал УИХ-ын даргын зөвлөл, бүлэг дээр яригдаагүй. Дэд дарга нь өргөдлөө өгсөн гэдгийг сонссон. Өөр мэдээлэл алга. Өргөдлөө өгсөн хүний асуудлыг хэлэлцээд явах байх. Прокурорын томилгоотой холбоотой асуудалд бид огт оролцохгүй. Хуулиараа Ерөнхий прокурор, дэд прокурорыг томилоход УИХ оролцдог. Бусад томилгоонд намын бүлэг оролцох эрх байхгүй.
-Иргэний гар утас, чатыг тагнаж, чагнадаг, ил болгодог асуудал бий. Бичлэг гаргаж ирдэг. Энэ улсад нууц гэж зүйл байна уу?
-Их хурал дээр иргэний нууцын аюулгүй байдалтай холбоотой хуулийн төсөл дээр хэдэн гишүүн ажиллаж байгаа. Иргэдээ тагнадаг, чагнадаг асуудлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд хуулийн төсөл боловсруулагдаж байна. Энэ хуулийн төсөл ороод ирвэл аюулгүй байдлын чиглэлд нэлээд том зүйл болох болов уу.
-ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ, Засгийн газар шийдвэр гаргаад байх юм. Хууль тогтоох дээд байгууллагын өмнөөс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэр гаргаад ажиллаж болдог юм уу?
-ҮАБЗ-ийн зөвлөмжтэй холбоотойгоор ээлжит бус чуулганы төгсгөлд хэлэлцсэн АТГ, Шүүх, прокурорын хуультай холбоотой асуудлыг шууд хэрэгжүүлэх ёстой. Бусад зүйл дээр зөвлөмжийг судалж үзэж байж шийдвэр гаргах юм.
-Малын хөлийн татвар дээр гишүүд санаачилга гаргаад явдаг жишээнүүд бий. Малын хөлийн татварыг бий болгох уу?
-Малын хөлийн татвар гарах ёстой гэж гишүүд үзэж байгаа. Гэхдээ бид 2016 оны сонгуульд орохдоо татварын шинэ төрөл зүйл бий болгохгүй гээд амласан. Тиймээс энэ хуулийг батласнаар амлалтаа ухарсан хэрэг болно. Малын хөлийн татвар гэлтгүй татвартай холбоотой олон асуудал бий.
-Капитал банкны асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх үү. Олон хадгаламж эзэмшигчдийн асуудал хөндөгдөж байна л даа. Б.Ундармаа гишүүн “Ард нь улс төр явж байгаа” гээд хэлчихсэн?
-Энэ асуудлыг бүлэг хэлэлцэхгүй. Монголбанкны бие даасан үйл ажиллагаа. Түүнээс бид бүлэг дээр татаж ирж улстөржүүлээд зөв, буруу гэж хэлэлцэх ёсгүй.
Сэтгэгдэл ( 4 )
Ter Turuu tegvel barij avaad shorond hiicheech.
Zasgiin gazar sain ajillaj baigaa gesen. Uunii batalgaa ni urjigdor tsahimaar tsatsagdsan ” uls torchdiin retingiin sudalgaanii dun ”gegchid manai eronhii said Hurelsuh oroilon manlailj baigaa tuhai baisan. Tsoohon mongolchuud ahliin bairnii ayulgui ajillagaa ni aldagdsan yum bolov uu?! Cuuliin 10 garui honogt zaamar 4 hun,nalaihad 3 hun,tseverlen baiguulamjid 4 hun tus tus uhlee. onoodorhon ekeskebatoriin shanagand tsohiulj 1 hun uhev. Bi barilgiin salbart 50 garui jil huch hodolmoroo zarsan hun. Eksbatoriin shanagand zohiulj hunii ami ersedsen tohioldliig onoodor duullaa.
Zasgiin gazar sain ajillaj baigaa gesen. Uunii batalgaa ni urjigdor tsahimaar tsatsagdsan ” uls torchdiin retingiin sudalgaanii dun ”gegchid manai eronhii said Hurelsuh oroilon manlailj baigaa tuhai baisan. Tsoohon mongolchuud ahliin bairnii ayulgui ajillagaa ni aldagdsan yum bolov uu?! Cuuliin 10 garui honogt zaamar 4 hun,nalaihad 3 hun,tseverlen baiguulamjid 4 hun tus tus uhlee. onoodorhon ekeskebatoriin shanagand tsohiulj 1 hun uhev. Bi barilgiin salbart 50 garui jil huch hodolmoroo zarsan hun. Eksbatoriin shanagand zohiulj hunii ami ersedsen tohioldliig onoodor duullaa.
Zasgiin gazar sain ajillaj baigaa gesen. Uunii batalgaa ni urjigdor tsahimaar tsatsagdsan ” uls torchdiin retingiin sudalgaanii dun ”gegchid manai eronhii said Hurelsuh oroilon manlailj baigaa tuhai baisan. Tsoohon mongolchuud ahliin bairnii ayulgui ajillagaa ni aldagdsan yum bolov uu?! Cuuliin 10 garui honogt zaamar 4 hun,nalaihad 3 hun,tseverlen baiguulamjid 4 hun tus tus uhlee. onoodorhon ekeskebatoriin shanagand tsohiulj 1 hun uhev. Bi barilgiin salbart 50 garui jil huch hodolmoroo zarsan hun. Eksbatoriin shanagand zohiulj hunii ami ersedsen tohioldliig onoodor duullaa.