Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр /2019.04.23/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.   

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсрулсан байна.

Хуулийн төсөлд:

-Ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;

-Авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;

-Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;

-Салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;

-Мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;

-Авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

-Авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;

-Авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хуулийн төсөл өргөн барих үеэрээ “Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд автомашины улсын дугаарыг өөрчлөх гэж байна гэдэг яриа бол цуурхал. Бид ачаа, зорчигч тээвэрт тавигдах шаардлагыг сайжруулж, иргэдэд ая тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх зэргээр авто тээврийн салбарыг орчин үеийн дэлхий нийтийн жишиг, хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулийн өөрчлөлтийг хийж байна” гэлээ.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top