ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД хэрхэн ажиллах вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүчээр тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлаас гараагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд нарын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Энэхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хороог Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах явцад гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бүтэн 20 жил өнгөрөхөд энэ хэрэг шийдэгдээгүй, дандаа улстөрждөг. Эрүүдэн шүүсэн хэргийн доор хэрэг замхрах вий. Дахиад олон хүнийг үндэслэлгүйгээр хорих вий гэж санаа зовж байна. Захиалагчийг нь мэдэж байгаа бол яагаад зарлахгүй байгаа юм” гэсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ хэргийг мөрдөх явцад хууль зөрчсөн асуудлыг судална. Түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будилаантуулах ямар ч зорилго байхгүй. Эрүүдэн шүүдэг асуудал энэ хэрэгт 2013 оноос эхэлсэн. Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжиж чадахгүй. Энэ улс орныг шорон гяндан болгохыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ингээд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хорооны зарим гишүүний байр суурийг хүргэж байна.


Ж.БАТЗАНДАН: ТҮР ХОРООНЫ АНХНЫ ХУРАЛДААНААР ДАРГАА СОНГОНО

-Түр хороо байгуулсан УИХ-ын тогтоолд Олон улсын парламентын холбооны санал дүгнэлтийг судлах, дүгнэлт өгөх зорилготой. Олон улсын парламентын холбооноос С.Зориг агсны амь насыг хөнөөсөн мөрдөн шалгах ажиллагаа, гурван шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэн байдал, эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын түгээмэл тунхаглалаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг ноцтой зөрчсөн байна гэдгийг жил зургаан сарын өмнө ирүүлсэн. Монгол Улсад олон улсын байгууллагын өмнө хүлээсэн эрх, үүрэг гэж бий. Энэ хүрээнд манай парламент хяналт шалгалтаа явуулж, дүгнэлтээ гарган Олон улсын парламентын холбоонд мэдээлэх үүрэгтэй.

С.Зориг агсны хэргийг хууль бусаар нотлох баримт цуглуулах зарчмаар илрүүлсэн болж жүжиг тоглосон гэх мэдээлэл хангалттай бий. Мөрдөн шалгах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн талаарх олон цагийн бичлэг ил болсон. Нотлох баримтыг зөвхөн хуулийн хүрээнд, прокурорын хяналтад явах ёстой байдаг. Энэ мэт шалтгаанаас болж Түр хороог байгууллаа. Түр хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Анхны хуралдаан ирэх долоо хоногт болно. Ажлын төлөвлөгөө, хуваариа гаргаад ажилдаа орно. Монгол Улсын нэг ч иргэн хэлмэгдэх ёсгүй. Монгол Улсын иргэнийг эрүүдэн шүүсэн бол хариуцлагыг зохих албан тушаалтанд нь хүлээлгэх ёстой. Эрх нь зөрчигдсөн Монгол Улсын эрхийг нь сэргээх чиглэлд ажиллах шаардлагатай гэж харж байна.


Х.НЯМБААТАР: АНХ УДАА ЭРҮҮГИЙН ТОДОРХОЙ ХЭРГИЙГ СУДЛАХ ТҮР ХОРООГ БАЙГУУЛЛАА

-Түр хороо анхны хуралдаанаа хийж, даргаа сонгоно. Дараа нь ажлынхаа төлөвлөгөөгөө гаргах ёстой. Монгол Улс анх удаа эрүүгийн тодорхой нэг хэргийг судлах чиг үүрэгтэй Түр хороог байгууллаа. Түр хорооны эрх хэмжээ нь байнгын хорооны статустай ажиллана. Онцлог нь өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэнийхээ дараа татан буугдана.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо нь ихээхэн онцлогтой. Хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгохоос ажлаа эхлэх байх гэж бодож байна. Ямар ч мэдээ, мэдээллийг үзэх эрхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Хууль, эрх зүйн орчин нь нэлээн төвөгтэй байна. С.Зоригийн хэргийг нэг талд нь шийдэх байх. Энэ хэргээр сүүлийн 20 жил улстөржиж байна. Хууль хяналтын байгууллагыг хуулийн хүрээнд шахаж ажиллана. Энд нэг зүйлийг хэлэхэд би Түр хороог ахалж ажиллах боломжгүй. Парламентад олон жил ажилласан улстөрч нь Түр хороог ахалсан нь дээр байх гэж бодож байна.


А.СҮХБАТ: ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД ЭХЛЭЭД ХАВТАСТ ХЭРЭГТЭЙ ТАНИЛЦАНА

-С.Зориг агсны хэрэгт их анхаарал тавьж байна. Өмнө нь энэ хэрэг дээр нээлттэй сонсгол хийсэн. Энэ хэрэгт холбогдсон, ял шийтгүүлсэн этгээдүүдийн ар гэртэй нь уулзсан. Манай хууль, хүчний байгууллагын нэр төрийг доройтуулсан ажиллагаа л яваад байгаа шүү дээ. Зарим нэг нөхрийн ашиг сонирхол, албан тушаалаа урвуулан ашигласан байдлыг Олон улсын парламентын холбоо хичээл зааж байгаа юм шиг ярьж байна. Үнэхээр бид гадагшаа нүүргүй болсон. Ярихад хэцүү болсон. Тэгэхээр Түр хороо ажил үүргийнхээ хүрээнд хавтаст хэрэгтэй танилцана. Тусгай хяналтын дэд хорооны зарим гишүүн нууцын зэрэглэлтэй материалыг танилцуулах байх гэж найдаж байна. Амьд гэрчтэй ийм хэрэг тогтоохгүй байна гэдэг нь бидний байж байгаа арчаагүй л байдал. Хууль хууль болоосой гэж хүсч, мөрөөдөж л байна даа.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон нь тэдний дэглэсэн муу жүжиг, муу зохиол. Өнөөдөр 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хоёр С.Зоригийг ална гэдэгт итгэдэггүй. Би С.Зориг агсантай шатар тоглож, сагс тоглодог байсан хүний хувьд баргийн хүнд алуулчих бие бялдартай хүн байгаагүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХYН(202.9.42.54) 2019 оны 04 сарын 29

ТАЛИЙГААЧ С. ЗОРИГ МОСКВА ХОТОД СУРЧ БАЙХДАА РЕГБИ ТОГЛОЖ ШИГШЭЭД БАЙСАН ГЭЖ ЯРЬЖ БАЙСНЫГ СОНСООД ИХЭЭХЭН ХYЧ ТАМИР ШААРДАЖ СУМО ШИГ ДАЙРАЛЦАЖ БАРЬЖ АВСАН ХYНЭЭС МУЛТРАН ЗУГАТАХ Г. М ТУЛААНЫ БЕМБЕГТЭЙ БАГИЙН СПОРТ СОНИРХСОН ИХ ЕВЕРМЕЦ ЗАЛУУ ЮМ ГЭЖ БОДОЖ БИЛЭЭ. МАНАЙ МОНГОЛД РЕГБИ ГЭЖ МЭДЭЖ БАЙСАН ХYН Ч БАЙГААГУЙ ДЭЭ.. ТИЙМ УЧИР ХЭРГИЙН БАРГИЙН ХОЕР ГУРВАН ЖУЛДРАЙНУУДАД ТИЙМ Ч АМАРХАН АЛУУЛЧИХ ХYН БАЙГААГУЙ БАЙХ АА... !!!! ЖИНХЭНЭ YНЭН НЬ ОЛДООСОЙ ДОО.....

1  |  0
Зочин(202.9.44.208) 2019 оны 04 сарын 29

Эбигээс болгоомжлоорой. Цаадах чинь бүх хүчээрээ та нарт эсэргүүцэл үзүүлж хор найруулна шүү.

1  |  0
зочин(202.55.188.42) 2019 оны 04 сарын 29

Амжилт. Та бүхний үйл ажиллагаа Монголын ард түмний сэргэн мандалт, эсвэл сүйрэл байх болно .Ирээдүйн итгэл ,ирээдүйн сайн сайхан та бүнхээс шалтгаалах гээд бна, бид нүдээ бүлтэртэл, чихээ дэлдийтэл та бүхний үйл ажиллагааг ,үнэн мөнийг эцсийн найдвар тээн ,горьдон харах болно, шударга ,эр зоригтой , санаа нэгтэй, хоорондоо эвтэй байгаарай.

3  |  0
Top