ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт Владивостокт болж өндөрлөлөө. Русский аралд болсон уулзалтад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байв. Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээр 3 цаг 30 минут үргэлжилжээ. Тэдний ганцаарчилсан уулзалт нь хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Үүний дараа хэлэлцээр өргөтгөсөн байдлаар үргэлжилж, Владимир Путин “Ким Жон Унтай хийсэн хэлэлцээр дэлгэрэнгүй болсон” гэжээ. Талууд хоёр талын харилцаа холбоог хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа хоёр улсын удирдагч удаанаар гар барилцан, бие биедээ амжилт хүсч тэвэрчээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг машин хүртэл нь гаргаж өгсөн байна. Тэдний ганцаарчилсан уулзалт төлөвлөж байсан хугацаанаас хоёр дахин урт буюу хоёр цаг орчим үргэлжилсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Путин: Асуудлыг энх тайвнаар шийдэхээс өөр гарцгүй
ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг энх тайван замаар шийдэхээс өөр гарц байхгүй” гэжээ. Тэрбээр мөн ОХУ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хамтарч ажиллахад бэлэн гэдгийг онцлов. Путин “Хүчээ нэгтгэж чадвал том чулууг хөдөлгөж чадна” гэсэн солонгос хэлцийг иш татсан байна.
Путин уулзалтыг “төгс” боллоо гэж дүгнэв. Тэгвэл Ким Жон Ун ОХУ-ыг “нөхөрсөг агуу хөрш” гэлээ. Тэрбээр Путинтай хаалттай хаалганы цаана хийсэн уулзалтыг маш таатай болсон гэж тодотгожээ. Тэрбээр Кимтэй нүүр тулан уулзахдаа хэлэлцсэн сэдвүүдийнхээ талаар ярихдаа “Бид сая хангалттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ” гэснээс нь харахад ганцаарчилсан уулзалт үр дүнтэй болсон бололтой. Ким Жон Ун ч “Бидний яриа хэлэлцээ үр бүтээлтэй эхэлсэн шигээ цаашид ч сайхнаар үргэлжилнэ” гэжээ. Путин Кимийн эцгийг Владивостокт 2002 онд хүлээн авч байсныг дурдаад “ОХУ түүнд үргэлж хүндэтгэлтэй хандаж байсан” гэсэн аж.
Бусад орнууд юу гэв?
Хятадын Гадаад хэргийн яам Путин, Ким нарын уулзалт Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зөөлрүүлнэ гэж дүгнэсэн бол Япон улс уулзалтыг эртнээс анхааралтай ажиглаж байгаа талаар тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдэж байсан. Тэрбээр “Хойд Солонгостой холбоотой үйл явдлуудад бид анхаарал хандуулж ирсэн. Байдлыг ажиглаж, дүн шинжилгээ хийдэг. Гэхдээ бид уулзалтын үр дүнгийн талаар таамаглал дэвшүүлэхгүй” гэжээ. Японы эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд АНУ, БНСУ, БНХАУ болон ОХУ-тай нягт хамтран ажиллахаар төлөвлөж буй.
Тэгвэл БНСУ энэхүү уулзалтыг ерөнхийдөө Хойд Солонгос боломжит холбоотнуудтай яриа хэлэлцээ хийх болон пуужин турших бэлтгэлээ сэргээх аргаар АНУ-ын анхаарлыг татаж байгаа гэж дүгнэжээ. Ким Жон Ун Вашингтоныг хэлэлцээрийн ширээний ард эргүүлэн авчрахыг хүсч байгаа аж. Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн судлаач Пак Ён Ян ярихдаа “Хойд Солонгосын стратеги бол дэлхийн их гүрнүүдийн хооронд зөрчилдөөн үүсгэх. Иймээс ОХУ-тай яриа хэлэлцээ хийх нь БНАСАУ-ын хувьд Хятад болон АНУ-ын эсрэг тоглоом юм” гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын талаарх хэвлэлийн бага хурлынхаа үеэр “АНУ өнөөдрийн уулзалтын талаарх мэдээллийг БНХАУ-д дамжуулна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )