УИХ-аас долоон гишүүний бүрэлдэхүүнтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2019.04.30/ УИХ дахь АН-ын зөвлөлөөс Түр хорооны гишүүдэд санал хүргүүллээ.
Тэрхүү саналд "С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна" гэсэн байна.
Түүнчлэн "Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна. Ардчилсан нам төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа дахин нотолж байна" хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )