АНУ-ын засаг захиргааны ахлах албан тушаалтнуудтай уулзав

2019 оны 05 сарын 02

Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэ, Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч С.Бийган, Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал М.Поттинжир, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи, АНУ-ын Энхтайвны корпусын захирал Др.Олсен, Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын Тэргүүн орлогч, Элчин сайд Ж.Гаалт зэрэг албаны төлөөлөгчтэй уулзав.

Спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэ-тэй уулзах үеэр монголын тал энэ сарын дундуур АНУ-ын Конгресст дахин өргөн баригдсан “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийг батлуулах үйл явц, цаашдын төлөвийн талаар санал солилцсон бөгөөд хууль Спикер Н.Пелосигийн удирдлаган дор батлагдана хэмээн найдаж байгаагаа ТНБД Д.Даваасүрэн илэрхийлэв. Монголын тал уг хуулийн Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаар мөн тайлбарлан ярив.

ТНБД Д.Даваасүрэн Тусгай төлөөлөгч С.Бийган-тай уулзах үеэр талууд Солонгосын хойгт сүүлийн үед болж буй үйл явдлын талаар санал солилцов. Солонгосын хойгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмэрт америкийн тал талархал илэрхийлж, монголын тал мөн ирэх 6 дугаар сард болох “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хурлын талаар мэдээлж, америкийн талыг урив.

ТНБД Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал М.Поттинжиртай уулзах үеэрээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлж, ярилцав.

Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи 2018 онд Монголд хийсэн түүний айлчлал гүнзгий сэтгэгдэл үлдээснийг дурсан ярьж, талууд 2018 онд хоёр талын харилцаанд гарсан ахиц, дэвшлийг сайшаан тэмдэглэж, 2019 онд болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.

Монголын тал АНУ-ын Энхтайвны корпусын захирал Др.Олсен-тэй уулзах үеэрээ тус байгууллагын зүгээс Монгол орны нийгмийн хөгжилд оруулж ирсэн хувь нэмэр, туслалцаанд талархал илэрхийлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Монгол Улс нь Энхтайвны корпусын үйл ажиллагааг тууштай дэмжиж, дотноор хүлээн авч ирсэнд Др.Олсен гүн талархал илэрхийлж, Энхтайвны корпус нь 2020 оноос эхлэн Монгол Улс дахь сайн дурынхны тоогоо 20 орчим хувиар нэмэгдүүлж байгаагаа мэдээлэв.

Монгол Улсад ажилласан АНУ-ын Элчин сайдын хувиар Монгол, Америкийн харилцаанд оруулсан Ж.Гаалтын хувь нэмэрт ТНБД Д.Даваасүрэн талархал илэрхийлж, тэрбээр цаашид ч  Боловсрол, соёлын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын Тэргүүн орлогчийн хувиар хоёр орны харилцаа, түүний дотор Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллана хэмээн найдаж байгаагаа мөн илэрхийлэв.

Талууд 2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарлаж, хоёр орны залуучуудын харилцаа холбоог дэмжсэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top