УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын форумд оролцох үеэрээ Бээжингийн Зам, харилцааны их сургуульд зочилж, тус сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Тай Янь болон албаны бусад хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар боловсон хүчин бэлтгэх тал дээр тус сургуультай Хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурав. Энэ хүрээнд цаашид тус сургуульд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, тэр дундаа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах, зэргийн болон зэргийн бус сургалт, харилцан туршлага солилцох, багш нарыг харилцан солилцож мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ. Бээжингийн зам, харилцааны их сургуульд 1996 онд анхны монгол оюутан элсэн суралцаж байсан бөгөөд Монголын зам, тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд болон БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургууль хооронд 2012 онд хамтран ажиллах тухай санамж бичиг, 2013 онд хамтын ажиллагааны тухай гэрээг тус тус байгуулж, өдгөөг хүртэл 100 гаруй оюутан суралцаж төгсөөд байна.
Монгол оюутнуудтай уулзлаа
Б.Энх-Амгалан сайд Бээжингийн Зам, харилцааны их сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. Оюутнууд Б.Энх-Амгалан сайдыг сургууль дээр нь зорин ирж уулзалт хийж байгаад баяртай байгаагаа уламжлав. Сайдын зүгээс монгол оюутнууддаа хандан, энэ хугацаанд хичээн суралцаж, мэргэжилдээ эзэн болсон чадварлаг боловсон хүчин болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахыг хүслээ. Монголд төмөр замын Шивээ хүрэн-Нарийн сухайт чиглэлийн 47 километр, Таван толгой-Гашуун сухайтын 267 километр, Таван толгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр замаас эхлээд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, зөвхөн Таван толгой-Ханги мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 3000 ажлын байр шинээр бий болохыг дуулгав. Цаашид зам, тээврийн салбарын ажилчдын боловсрол, нийгмийн асуудал, ажлын байрны баталгаанд түлхүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )