УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.
Тус байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцэх явцад төслийн 3 дугаар хавсралтад дурдсан Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 цэгийн солбицол нь төслийн 2 дугаар хавсралтад дурдсан Завхан аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солбицолтой давхацсан зөрчил үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны төслийн зарим заалт хоорондоо зөрчилдсөн тухай санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу төслийн заалт хоорондын зөрчлийг арилгахын тулд төслийн 3 дугаар хавсралтад заасан Нөмрөгийн дархан цаазат газрын цэгийн солбицлыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулж, хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Гишүүд, тусгай хамгаалалтад авсан газар нутгаа хэрхэн хамгаалах, нинжа нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан. Мөн тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг тусгай хамгаалалтад авснаар нийт газар нутгийн хэдэн хувь тусгай хамгаалалттай бүсэд хамаарах талаар лавласан.
Хууль бусаар алт олборлогчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй асуудлыг таслан зогсоосон болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс мэдээлээд цаашид хяналт шалгалтыг илүү сайжруулж, хяналт шалгалтанд дрон ашиглах, цагдаагийн байгуулагатай хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлж байгаа гэсэн хариулт өгсөн.
Тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.
Гишүүд асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав
Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хэдий хэмжээний ус ашигласны төлбөр авч байгаа вэ? Хуулийн төсөлд тэдгээр аж ахуйн нэгжүүдээс авч буй ус ашигласны төлбөрийг 50-60 хувиар бууруулах зохицуулалт орсон байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү хэмээн тодруулсан.
Ажлын хэсгээс хариулснаар, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогод улсын хэмжээнд 46.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Үүнээс 42.9 тэрбум төгрөг нь уул уурхайн салбараас, 1.7 тэрбум төгрөг нь үйлдвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээнээс, 2 тэрбум төгрөг эрчим хүчний салбараас орж иржээ. Хэдийгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг бууруулсан харагдаж байгаа ч ус бохирдуулсны нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин байсныг 2-50 дахин буюу их бохирдол үүсгэдэг аж ахуйн нэгжүүдэд өндөр нөхөн төлбөр ногдуулахаар зохицуулсан гэсэн хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл, усыг бага бохирдуулж байгаа бол бага төлбөр төлнө, усыг стандартын хэмжээнд цэвэрлэж байгаа бол төлбөрөөс хөнгөлнө, усыг их бохирдуулж буй аж ахуйн нэгжийн нөхөн төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан гэлээ. Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Тэрбээр, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хийлээ. Ажлын хэсгээс нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг төсөлд нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 6 асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсныг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар, харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлах буюу ерөнхий байдпаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгох, төслийн зарим хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ” хэмээлээ.
Хэлэлцүүлгийн явцад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хууль батлагдсантай холбогдуулан “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад Д.Лүндээжанцан, Д.Дамба-Очир, М.Билэгт, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын гишүүд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга харилцаа холбооны хяналтын улсын ерөнхий байцаагч байж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан нь холбогдох хуульд нийцэхгүй байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн нэг удирдлагатай байх ёстой атал улсын байцаагчийн эрхтэй холбоотой давхардал үүсч, суурь хуультайгаа зөрчилдөхөөс гадна харилцааны холбооны салбарын цогцоор явдаг хяналтыг алдагдуулахад хүрнэ хэмээж байлаа. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчийн зүгээс өгөхийг хүссэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол дээрх зүйл, заалтаар санал хураалт явуулж болохоор заасан байдгийг гишүүдэд сануулсан. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтон өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )