Тайландын хаан Маха Вачиралонгкорн буюу Х Рамаг албан ёсоор хаан ширээнд өргөмжлөх ёслол боллоо.
Уламжлал ёсоор Х Рама хаан Ялалтын гэгддэг 7.3 кг жинтэй титмийг өөрөө зүүсэн байна. Учир нь хааны тэргүүнд хүн хүрэх ёсгүй тул хааны титэмд хаан өөрөө л хүрдэг аж. Эрт үед бурхны зиндаатай хаадын толгойд хүрсэн хүнд цаазаар авах ял оноодог байжээ.
Үүний дараа тэргүүн хамба Х Рама хаанд хааны хэргэм зэрэг, эртний одон тэмдэг бүхий алтан пайзыг гардуулсан байна. “Би ард түмнээ хамгаалж, ард түмнийхээ эрх ашигт үнэнчээр зүтгэх болно” хэмээн Тайландын хаан анхны мэдэгдэлдээ онцолжээ.
Х Рама хаан хатан хаан Сутхидаг хатан хаанд өргөмжилжээ. Хааны их ордны Амариндра Виничхая танхимд шашны ёслол үйлдсэний дараа тэрбээр хааны гэр бүлийн гишүүд болох Хааны нууц зөвлөл, сайд нарын танхимын гишүүдтэй уулзжээ. Түүнчлэн, Х Рама маргад Бурхан Буддагийн сүмд очиж, Тайланд дахь бурхны шашны хамгаалагчаар өөрийгөө зарлажээ.
Ням гарагт Х Рама хаан алтан жуузан дээр заларч, Бангкок хотын төв гудамжаар ард түмэнтэйгээ мэндчилэв. Тайландын нийслэлийн хуучин дүүргийн замыг хаасан бөгөөд хаан долоон км замын турш дээдсийн хүндэтгэлийн өнгө болох шар хувцсаар гангарсан олонтой мэндчилсэн байна.
Х Рама 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд буюу өөрийн эцэг IX Рама хаан нас нөгчсөний 50 дахь хоногт хаан ширээнд өргөмжлөгдсөн хэдий ч хаан ширээнд өргөмжлөх ёслолыг хойшлуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )