Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох Улсын төсөв, валютын ханш, инфляци, гадаад худалдаа гуравдугаар сард ямар байсныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тоймлоод байна.
Төсвийн тэнцэл 107 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 60.8 хувиар, зарлага 55.5 хувиар буурсан бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 107 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 81.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ам.долларын ханш өмнөх сараас 0.8 төгрөгөөр буурлаа
Гуравдугаар сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 237 төгрөг буюу 9.9 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 0.8 төгрөг буюу 0.03 хувиар буурч 2632.51 төгрөг болов. Хоёрдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 3.6 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 22.2 хувь нэмэгдсэн байна.
Инфляцийн түвшин 6.7 хувь
Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 2019 оны гуравдугаар сарын байдлаар өмнөх сараас 0.7 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, оны эхнээс 1.8 хувь өсөв. Хүнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, хувцас, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл 485 сая.ам доллар болов
2019 оны гуравдугаар сарын байдлаар нийт барааны эргэлт өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн бол экспорт өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 485 сая ам.долларын ашигтай гарлаа.
ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ
Азийн хөгжлийн банкны 2019 оны тайланд манай улсын ДНБ-ий өсөлтийг энэ онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь, инфляци энэ онд 8.5 хувь, 2020 онд 7.5 хувь, урсгал тэнцэл энэ онд ДНБ-ий -9.6 хувь, 2020 онд -13 хувьтай байхаар таамаглажээ.
Тэгвэл Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаа 2019 он тайланд манай улсын ДНБ-ий өсөлтийг энэ онд 6.3 хувь, инфляцийг 7.1 хувь, ДНБ-д эзлэх урсгал тэнцэл -10.8 хувь байх тооцоолол байна.
Сэтгэгдэл ( 0 )