Ирэх есдүгээр сард “Монголын эдийн засгийн чуулган-2019” болно.
Уг арга хэмжээ нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болж ирсэн. Тус арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хурал болж МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл, Америк Монголын худалдааны танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Хурлаар өнгөрсөн онуудын эдийн засгийн форумын үр дүн, өнөөгийн тулгарч буй асуудлууд, цаашид хэрхэн ажиллах талаар болоод чуулганы арга хэмжээг шинэчлэн зохион байгуулах тухай санал бодлоо солилцож, талууд нэгдсэн байр суурьт хүрлээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтдаа улс оронд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн тулд Монголын эдийн засгийн чуулганыг шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулахаар тохирлоо. Эдийн засгийн форумаар хэлэлцэх асуудлаа урьдчилан тогтоох, бодит судалгааны үр дүнд тулгуурлах, форумаас гарсан санал зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, үр дүнг олон нийтэд танилцуулдаг байх нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид онцоллоо. Уулзалтын хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган”-ыг нэг удаа зохион байгуулах арга хэмжээ байхаар бус байнгын үйл ажиллагаатай олон талт хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд тасралтгүй явагддаг байх нь зүйтэй гэж үзлээ. Цаашид уг арга хэмжээг бизнесийн байгууллагуудын гол төлөөллийн оролцоотойгоор МҮХАҮТ түүчээлэн ажиллана гэдэг дээр хуралдаанд оролцогчид санал нэгдэв. “Монголын эдийн засгийн чуулган-2019” үндсэн чуулганыг 2019 оны есдүгээр сард зохион байгуулахаар ажлын хэсэг урьдчилан тохирч, чуулганыг угтаж энэ оны тавдугаар сард хэд хэдэн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар чуулганаар хэлэлцэх үндсэн сэдэв, чуулганы уриа, чуулганд урих, оролцох зочид төлөөлөгч, чиглүүлэгчдийг сонгохоор шийдвэрлэжээ. Тавдугаар сард зохион байгуулагдах эдийн засгийн чуулганы өмнөх хэлэлцүүлгийн товыг удахгүй зарлах аж.
Сэтгэгдэл ( 0 )