Туркийн Сонгуулийн ерөнхий хороо Стамбул хотын захирагчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг эсэргүүцэн Стамбулын хотын оршин суугчид түмпэн, шанагатай жагсаал зохион байгуулжээ. Тус сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Экрем Имамоглу ялсан байна.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо Стамбул хотын захирагчийг сонгох санал хураалтыг зургадугаар сарын 23-ны өдөр дахин явуулах шийдвэр мөн гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Стамбулын хотын Бешикташ, Ферикөй, Кадыкей зэрэг дүүргийн оршин суугчид хоолны сав, хайруулын таваг нүдэж жагсчээ. Тэдний жагсаалыг дэмжиж автомашины жолоочид дохиогоо дугаргаж мөн дуу хоолойгоо илэрхийлжээ. Зарим оршин суугчид гэрийнхээ тагт дээр гарч хоолны сав, хайруулын таваг нүдэж, зарим нь гэрлээ асааж унтрааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Гуравдугаар сарын 31-ний өдөр болсон санал хураалтын дүнд сөрөг хүчний Ардын хувьсгалт намын нэр дэвшигч Имамоглу 48.8 хувийн санал авч, эрх баригч Шударга ёс, хөгжлийн төлөөх намын нэр дэвшигч Бинали Йылдырымийг 13 гаруй мянган саналын илүүгээр ялжээ. Йылдырым 48.55 хувийн санал авсан байна.
Туркийн Шударга ёс, хөгжлийн төлөөх намаас мэдүүлсэн гомдлын дагуу Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг дахин тоолсон ч зарчмын өөрчлөлт гараагүй тул Имамоглу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Стамбул хотын захирагчийн ажилдаа орсон байна. Туркийн эрх баригч нам санал өгөх эрхгүй олон арван мянган хүн саналаа өгсөн хэмээн дахин гомдол гаргасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо дээрх шийдвэрийг гаргажээ.
Сөрөг хүчний Ардын хувьсгалт нам 1994 оноос хойш анх удаа Туркийн нийслэл Анкара болон Стамбул, Измир, Анталья, Адан, Мерсин хотуудад ялалт байгуулжээ. Бусад хотуудад эх баригч нам 44.33 хувийн саналаар ялалт байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )