Улс төрийн намууд Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүргүүлсэн юм. Тэгвэл СЕХ-ноос ИЗНН-ын хүсэлтийг хүлээн авах боломжгүйгээгээ мэдэгдсэн байна. Учир нь тус нам 2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэж СЕХ үзжээ.
Өнөөдөр /2019.05.13/ ИЗНН-ын удирдлагууд улс төрийн зорилгоор хуучин удирдлагууд нь энэхүү тайланг хүргүүлээгүй гэж үзэж байгаа талаараа мэдээлж, олон нийтэд мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын улс төрийн зөвлөл Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт болох нөхөн сонгуултай холбогдуулан хуралдаж, мэдэгдэл гаргасан байна. Мөн нийгмийн сүлжээнд ИЗНН-ыг Ардчилсан намтай нэгдсэн мэтээр цуурхал тарааж байгаа нь хууль бус зүйл гэж тайлбарлав.
ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Улс төрийн намуудыг гишүүд, дэмжигчдийн тоогоор нь авч үзвэл өнөөдөр Монгол Улсад МАН, АН, МАХН, ИЗНН гэсэн дөрөвхөн хүчин байгаа” гэлээ.
Ийн ИЗНН Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох боломжгүй боллоо. Харин ийм байдалд хүргэсэн хуучин удирдлагуудаа хуулийн байгууллагаар шалгуулна гэдгийг тус намынхан мэдэгдэж байна.
ИЗНН-ын хуучин дарга нар өдгөө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуультайг тэд мөн шүүмжилж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )