БНАСАУ-д сүүлийн зуун жилд тохиогоогүй ган гачиг болж байна гэж тус улсын төв хэвлэл мэдээлж байна.
Энэ жил тус улсад 56.3 мм хур тунадас орсон нь 1917 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн доод хэмжээ юм гэж Родонг Синмун сонинд бичжээ. Ган гачгийн улмаас нуур ус ширгэж, үр тариа, ногооны тариалалтад хүчтэй нөлөөлж байгаа гэнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Хойд Солонгосын нийт хүн амын 40 хувь буюу 10.1 сая хүн хүнсний хомстолд нэрвэгдээд байна. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэг мөн Хойд Солонгост ган гачиг болж буй талаар мэдээлсэн байна. Ган гачиг болохоос өмнө тус улсын таваас доош насны таван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй тураалтай гэсэн судалгаа байдаг. Нөхцөл байдал хүндэрч байгаа тул эдгээр хүүхдүүдийн амь насанд аюул заналхийлж байна гэж тус нийгэмлэг түгшиж байна.
Хойд Солонгост үүссэн байгалийн гамшигтай холбогдуулан Өмнөд Солонгос хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Элэг нэгтэй Хойд Солонгосын ард түмэнд үзүүлэх хүнсний тусламжийн асуудлыг хүмүүнлэгийн талаас нь авч үзэх ёстой гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ.
Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээнд хүмүүнлэгийн тусламж хамаардаггүй. Хамгийн сүүлд Хойд Солонгос сүүлийн зуун жилийн тохиогоогүй ган гачиг болж байна гэж 2015 оны зургадугаар сард мэдээлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )