Японы батлан хамгаалах яам чөлөөнд гарсан цэргийн алба хаагчдыг дахин хөлслөх замаар тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүний дутагдлыг нөхнө гэж тус улсын Ёмиури сонинд бичжээ.
Чөлөөнд гарсан ахмад алба хаагчдыг юуны түрүүнд туслах хөлөг онгоц болон боомтын үйлчилгээний албанд ажиллуулах гэнэ. Японы батлан хамгаалах яамны үзэж буйгаар, ингэснээр илүү олон тооны залуу алба хаагчид цэргийн усан онгоц болон шумбагч онгоцонд үүрэг гүйцэтгэх боломжтой болох аж.
Одоогийн байдлаар Японы зэвсэгт хүчний гэрээт цэргийн алба хаагчид голдуу 53-56 насандаа чөлөөнд гардаг байна. Удирдах бие бүрэлдэхүүнд насны энэ хязгаар хамаардаггүй аж.
Бие бялдрын хувьд тэнцэх алба хаагчид 65 нас хүртлээ үүрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа бөгөөд энэ тохиолдолд тухайн албан тушаалаас хамааран цалингийн 60-80 хувийг авах гэнэ. Цаашид туршлагатай ахмад алба хаагчид арын албаны бие бүрэлдэхүүний ихэнх хэсгийг бүрдүүлэх аж.
Үүнээс гадна, Японы батлан хамгаалах яам бие бүрэлдэхүүний дутагдлыг нөхөхийн тулд өөр арга хэмжээнүүд авч байна. Тухайлбал, цэргийн усан онгоцны баг, бүрэлдэхүүний тоог цөөлөх үүднээс автоматжуулсан системийг нэвтрүүлж байгаа аж. 2017 онд гэхэд тус яам зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд алба хааж буй эмэгтэйчүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр, эмэгтэй алба хаагчид бие бүрэлдэхүүний 12 хувийг эзлэх болсон байна. Түүнчлэн, шумбагч онгоц, танк, явган цэрэг болон шүхэр десантын анги нэгтгэлд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тооны хязгаарлалтыг цуцалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )