Евразийн эдийн засгийн комиссоос есдүгээр сард Кыргызын Бишкек, аравдугаар сард Москва хотод болох бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинг Монголын бизнес эрхлэгчдийн хамтаар оролцохыг урьжээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар Евразийн Эдийн Засгийн комиссын Интеграцын хөгжлийн Газрын захирал Сергей Степанович Шухног хүлээн авсан уулзалтын үеэр уг урилгыг дуулгажээ.
Мөн талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах зүйтэй хэмээн үзсэн байна.
Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван гишүүн орноос бүрддэг.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа 2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар эхэлсэн бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо, хоёрдугаар хуралдааныг 2016 оны арваннэгдүгээр сард Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )