Монгол Улсад ОУПХ-ны чуулган болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг 2019.05.27-28-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулган:

1.    Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн

2.    Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь

3.    Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь

4.    Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилнэ. 

Түүнчлэн төлөөлөгчид хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлаар хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь гурван удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орон болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 гаруй төлөөлөгч оролцох юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top