БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жу НАМЭХ-ны эмэгтэйчүүдтэй уулзлаа

2019 оны 05 сарын 27

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар Монгол улсад айлчилж буй БНСУ-ын парламeнтын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан Ким Ён Жу өчигдөр /2019.05.26/ НАМЭХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд болон нийслэл дүүргийн манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа айлчлалын явцад зориуд цаг гарган эмэгтэйчүүдтэй уулзаж буйд хатагтай Ким Ён Жуд талархал илэрхийлээд Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцаанд оруулсаар ирсэн хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнасныг онцлон намынхаа эмэгтэйчүүдийн өмнөөс баяр хүргэлээ. “Эмэгтэйчүүд бидний сайн найз хатагтай Ким Ён Жу БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа тус улсад хөдөлмөр эрхэлж буй 40 мянган монгол ажилчин нийгмийн даатгал төлдөг болох нөхцөлөөр хангаж, тэдний хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлд бодлогын томоохон дэмжлэг үзүүлж байсан. Энэ удаад ч гэсэн богц дүүрэн ирсэн. БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас манай улсад хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх 3,5 тэрбум вонын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн. Энэ том төслийг Монголд хэрэгжүүлэх шийдвэр мэдээж түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд шийдвэрлэгдсэн. Тийм ч учраас Монголын төр түүнд хүндэтгэл үзүүлж төрийн дээд одон Алтан гадасаар шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгсөн. Танд дахин талархал илэрхийлье” гэлээ.

Харин хатагтай Ким Ён Жу хоёр орны эмэгтэйчүүдийн харилцаа хоёр улсын дипломат харилцаа, нөхөрсөг хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлоод “Би хувь тавиланд итгэдэг. Анх НАМЭХ-оор дамжуулан монгол эмэгтэйчүүдтэй учирч өнөөдрийг хүртэл халуун дотно харилцаатай байж, хамтран ажиллаж ирсэндээ би туйлын таатай байдаг. Бидний харилцаа, хамтын ажиллагаа Солонгос, Монгол хоёр улсын найрамдалт харилцаанд тодорхой хувь нэмэр оруулсаар ирснийг онцолмоор байна.Хоёр жилийн өмнө Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдын хувиар БНСУ-д айлчилсан юм. Би ч тэр үед сайдаар ажиллаж байсан. Тэр үед Ц.Цогзолмаа манай Ерөнхий сайд танай улсад айлчлах асуудлыг нааштайгаар шийдэж, хугацааг нь наашлуулах талаар Ерөнхий сайддаа хэлж өгөөч гэж хүссэн. Судлаад үзтэл жилийн дотор Монгол Улсаас ямар ч айлчлал БНСУ-д хийгдэх тухай төлөвлөгдөөгүй байсан. Ингээд маргааш нь манай Засгийн газрын хуралдаантай өдөр таарч Ц.Цогзолмаагийн хүсэлтийг Ерөнхий сайддаа уламжлахад газар дээр нь Гадаад хэргийн сайдад үүрэг өгснөөр сарын дотор Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад айлчлал хийх асуудал шийдэгдэж байсан юм. Уг нь гадаад айлчлал жилийн өмнөөс төлөвлөгддөг. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал ердөө сарын дотор шийдэгдэж байсан. Үүнд Ц.Цогзолмаа бид хоёрын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг энэ мөчид онцлон хэлмээр байна. Гэтэл өнөөдөр би ч сайд биш, Ц.Цогзолмаа маань ч сайдынхаа ажлыг өгчихсөн сууж байна. Энэ бүхнийг нуршаад байгаа нь хувь тавилан гэж байдаг юм шүү гэж хэлэх гэсэн санаа. Мөн эмэгтэйчүүд бид даруу улс. Хоёр улсын харилцаанд ийм том үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулснаа өнөөдрийг хүртэл бидний хэн хэн нь ч ярьдаггүй. Гэхдээ ярьж байх хэрэгтэйг би ойлгоод байгаа. Би монгол эмэгтэйчүүд, Монгол оронд үнэхээр сайхан сэтгэлээр ханддаг. Түүнийг маань үнэлж төрийн дээд одонгоороо шагнасанд талархаж байна” гэсэн юм.

НАМЭХ-оор дамжуулан Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааг сүүлийн 15 жилийн хугацаанд эрчтэй хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хатагтай Ким Ён Жу ирэх тоолондоо Монголын эмэгтэйчүүдтэй ялангуяа шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй түүнчлэн бэлтгэгдэж буй эмэгтэйчүүдтэй уулзаж зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах зэргээр ойр нягт харилцаж ирсэн. БНСУ-ын Үндэсний ассамблейд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүнийг өнөөгийн парламентад 12 буюу хамгийн их эмэгтэй гишүүн сонгогдоход тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн НАМЭХ-ны гишүүн эмэгтэйчүүд үздэгээ уулзалтын үеэр мөн онцолж байсан юм.
Энэ удаагийн уулзалтаар ч мөн тэрээр эмэгтэйчүүдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, улс төрийн талбар болон түүнчлэн сонгуулийн үеэр хэрхэн амжилттай ажиллах өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top