Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ дүгнэн, түдгэлзүүлээд байгаатай холбогдуулан МАН-аас МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийв.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар "Нөхөн сонгуулийн тов гарснаас хойш МАН сонгуулийн бэлтгэлийг хангаж ажиллан, намын Бага хурлаа өнөөдөр зарласан байсан. Бага хурлаас нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах байсан юм. Нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр бэлтгэсэн байсан. Хөндлөнгийн байгууллагын судалгаагаар У.Хүрэлсүхийн рейтинг өндөр, 36 хувиар тэргүүлж байсан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлттэй МАН санал нийлэхгүй. Учир нь ҮХЦ-ийн дүгнэлтэд нөхөн сонгуулийн хугацааг ээлжит сонгуулийн хугацаагаар авч үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд, сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэсэн. Сонгуулийн төсвийг хэлэлцэх нь ҮХЦ-д огт хамаагүй, УИХ-ын эрх мэдлийн асуудал байсан" гэв.
МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл "МАН улс төрийн сонгуульд байнга оролцож ирсэн. Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор өнөөдөр МАН-ын бага хурлаа хийж, тодруулахаар байсан. Гэтэл энэ сонгуулийг явуулахгүй байх бүхий л ажлыг АН-ын дарга С.Эрдэнэ хийж байна. АН-ын зүгээс манай намыг олон талаар дайрч давшилж байгаа. АН засаг барьж байх үед төрийг бужигнуулж, улсын эдийн засгийг сүйрүүлсэн хариуцлагыг ярьж эхэлсэн. Мөн тус намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбатад Эрүүгийн хэрэг үүсгэчихсэн яваа юм билээ. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний зүгээс улс төрийн бүхий л өнгө аясаар дайрч давшлах үйл явц хийж байна" гэв.
Мөн тэд нөхөн сонгууль хэдийд ч зарласан МАН оролцоно гэдийг өнөөдрийн хурлаар мэдэгдэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнээ миний тэтвэврийг 3 жил дээрэмдсэн одоо чамаар сонгуулийн үед шүүхэд өгч хохирлоо төлүүлнэ. Хаашаа ч зайлахгүй баримт бий. Ийм юмнууд АН-ыг баллаж байгаа тул түүнийг намаас хөөхийг шаардаж байна.