Хятад улсын харилцаа холбооны тэргүүлэгч Huawei компани түүнийг хар дансанд оруулж, Америкийн үйлдвэрлэгчдийн технологи, эд анги худалдан авахыг хориглосон нь АНУ-ын Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд тус улсын шүүхэд ханджээ.
Өнөөдөр /2019.05.29/ гаргасан мэдэгдэлдээ тус компани холбогдох хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж буйг шийдэх шүүх хурлыг хялбарчилсан процедураар шийдвэр гаргах талаар нэхэмжлэл гаргана гэнэ.
Тус компани энэхүү хоригийг “нийгмийн эрхийг зөрчиж байна” гэж үзэж байгаа аж. “Холбогдох хууль Huawei компанийг буруутай гэж шууд тодорхойлж, компанийн эсрэг ихээхэн хязгаарлалт тавих асуудлыг заасан. Энэ нь Нuawei компанийг АНУ-ын зах зээлээс шахан гаргах зорилготой нь илэрхий байна. Шүүхийн оронд хууль тогтоомжийг ашигладаг нь бурангуй дэглэм юм” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Huawei компани тус компанийн эсрэг тавьсан хоригийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, энэ шийдвэрийн хэрэгжилтийг зогсоох тогтоол гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын худалдааны яам харилцаа холбооны Huawei компанийг өөрийн хар дансанд оруулснаар тус компани АНУ-ын үйлдвэрлэгчдээс эд анги, технологи худалдан авах замыг хааж, мөн АНУ-ын компаниудтай тусгай зөвшөөрөлгүй бизнес хийхийг хориглосон юм. Одоогоор, Google компани Huawei-тэй тоног төхөөрөмж шилжүүлэх, техник үйлчилгээ зэрэг салбарын хамтын ажиллагаагаа түр зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )