Нийслэлийн АН бургас хамгаалах асуудлаар жагсаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

“Зүүнбаян Рефайнери” ХХК Туул голын бургасыг сүйтгэж барилгын үйл ажиллагаа явуулахаар газар шорооны ажил эхлүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын өгсөн тайлбараар “Зүүнбаян Рефайнери” компанийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг гурван тэрбум төгрөг хүрсэн тухай мэдээлэл өгч байв. “Зүүнбаян Рефайнери” ХХК Туул голын бургасыг сүйтгэж, үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж,  НЗДТГ-ын үүдэнд жагсаж байна. 

Нийслэлийн АН мэдэгдэлдээ “Зүүнбаян Рефайнери” компани нь Туул голын бургасыг хядсаны улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсныг БОАЖ-ын сайд мэдэгдсэн ч хохирлыг барагдуулаагүй байна. Нийслэл хотод жилд нэг тэрбум гаруй төгрөгөөр уулын моддыг авчирч үхүүлж байна. Гялгар уутаар “өлгийдөж”, гурван талаас нь түшүүлж, дусал тариа хийгээд ч модод ургасангүй. Нийслэл данхар бүтэцтэй ч хариуцлага хүлээх эзэнгүй болсныг бид эсэргүүцэж байна.

Иргэддээ үйлчлэх байтал хохироодог, асуудал шийдвэрлэх байтал албан тушаалын уралдаан өрнүүлдэг, хоноцын сэтгэлтэй албан тушаалтнуудын үйл ажиллагааг бид эсэргүүцэж байна. Ардчилсан Монгол Улсын иргэн Та бид өнөөдөр хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, иргэдээ хохироож байгаа албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг хараад суух ёсгүй юм. Хууль, журмыг уландаа гишгэсэн, хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг таслан зогсоохын тулд Та бид өнөөдөр жагсаж байна.

Олон улсын төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжихгүйгээр хүүгийн өндөр төлбөр төлж байна. Зөвхөн нийтийн тээврийн тусгай замын автобус төсөл, гэр хорооллын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүү гэхэд 2018 онд 4,1 тэрбум, 2019 онд 6,6 тэрбум төгрөгийг төлж байна. Хотын хөгжлийн ажлууд зогсонги байдалтай байна. Нийслэлийн Ардчилсан нам иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, аливаа хариуцлагагүй байдлыг таслан зогсоох зарчим барьж ирсний хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, нийслэлийн иргэдийнхээ дуу хоолой болж ажиллахаа мэдэгдэж байна” гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.96) 2019 оны 05 сарын 29

бургас болгон улаанбаатарын төлөө амьсгалах аргаар уух усны төлөө ургаж байгаа амьд амьд амьтан шүү тэмц муу муухай хор уршигтай нь ялаад байвал улаанбаатарчууд гадны цагаач нарын дор бөхийж амьдрахгүй энэ бол манай эх орны нэг хэсэг амьд эс хөрөнгөжиж аваад цагаачилж одох өгрүүдээс хол яв тэмц тэмц тэмцэхгүй бол удмаараа сөнөж мөхнө

0  |  0
Top