Япон АНУ-ыг Хойд Солонгосын асуудал дээр хэрхэн дэмжиж байгаа вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

-Доналд Трамп, Ким Жон Ун нарын гурав дахь дээд хэмжээний уулзалт болох уу-

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын хямралыг зөөлрүүлж буй үйл явцдаа сэтгэл хангалуун байна. Энэ талаараа тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн уулзалтынхаа дараах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр уулзана гэжээ. Тэрбээр Кимтэй уулзах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдээд байна. Абэ өнгөрсөн намар Хойд Солонгосын удирдагчтай хувийн яриа хийх хүсэлтэй байгаагаа хэлэх үеэрээ Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар нүүр тулан ярилцах шаардлагатай байгааг хэлж байв. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японтой харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаа аж.

Арга барилаа өөрчлөх үү?

Шинжээч нар Абэгийн хүсэлтийн талаар “Токио Пеньянтай хэлэлцээр хийх хүсэлтэй байсан. Гэхдээ одоо яриа хэлэлцээрт бүр илүү бэлэн байна” гэжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зөвшилцөлд хүрэх нь Японы сонирхолд нийцэх ч Цагаан ордоны тэргүүн үүрэг хариуцлагаа Японы Ерөнхий сайдад шилжүүлж байгаагийн илрэл гэж шинжээч нар дүгнэв. Трамп өмнө нь бүтэлгүйтсэн яриа хэлэлцээгээ Абэд “хүлээлгэн өгөх” бодолтой ч байж болох аж.

Гэхдээ Доналд Трамп Хойд Солонгосыг тойрсон асуудлын шийдэлд сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ. Түүний ярьж буйгаар БНАСАУ-ын удирдагч ухаантай хүн гэнэ. Түүнчлэн Америкийн удирдагч Пеньяныг цөмийн зэвсэггүй болгох гэж шахаж шаардах арга барилаа өөрчилж магадгүй аж. “Ким Жон Ун эдийн засгийн хувьд маш хүчирхэг улс бий болгохыг хүсч байна. Тэр БНАСАУ эдийн засгийн их хүч чадалтай гэж бодож байгаа. Тэрбээр цөмийн зэвсэгтэй байхыг эдийн засгийн хөгжил гэж үзэж байна. Энэ хэвээрээ байна гэж бодож байгаа ч муу зүйл тохиолдож болно” гэж Трамп хэлжээ.

БНАСАУ сэтгэл дундуур байна

Одоо АНУ, Пеньяны хоорондын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Ким Жон Ун, Доналд Трамп нарын яриа хэлэлцээ үр дүнгүй болсон. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээг зогсооно гэж АНУ-ыг “сүрдүүлээд” буулт хийхийг уриалсан бол дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Вашингтоноос энэ оны сүүлч гэхэд хямралыг зөөллөх арга барилаа өөрчлөхийг хүсчээ. Түүнчлэн энэ сарын эхээр Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг дамжуулахдаа яриа хэлэлцээ бүтэлгүйтэхэд хүргэсэн гэж АНУ-ыг буруутгасан байна. Мөн тив хоорондын баллистик пуужин болон 1950-1953 онд амиа алдсан америк цэргүүдийн цогцсыг эргүүлж өгөх асуудал маргаантай байгаа аж.

Хойд Солонгос АНУ улс орны эдийн засгийн хөгжилд саад болж байгаа хоригоо цуцлаагүйд сэтгэл дундуур байгаа юм. БНАСАУ энэ шалтгаанаар цөмийн зэвсгийн асуудлаар буулт хийхийг хүсэхгүй байгаа аж. АНУ өөрийн ээлжинд Пеньяныг үе шаттайгаар цөмийн зэвсгээс татгалзахыг санал болгож, дараа нь тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлах талаар ярих хүсэлтэй байгаа.

Хойд Солонгос энэ сарын эхээр бага тусгалтай хэд хэдэн пуужин хөөргөжээ. Шинжээч нар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг туршилтыг БНАСАУ  Вашингтонд “улс төрийн илгээлт” хүргүүлсэн гэж тодорхойлсон байна. Гэхдээ Трамп Пеньяныг шүүмжлээгүй.

Япон улс “далайн цаана”

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн зүүний хүрээлэнгийн Солонгос, Монголын тэнхимийн эрхлэгч Александр Воронцов дүгнэн ярихдаа “Одоо олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа ч талууд хаалгаа хаахыг хүсэхгүй байгаа. Тухайлбал, Пеньян АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод сэтгэл дундуур байна. Түүнийг гол “яриа хэлэлцээ хийгчийн ажлаас” сольж өгөхийг хүсч байгаа. Мөн Ким Жон Ун, Доналд Трамп нарын гурав дахь дээд хэмжээний уулзалт болох магадлал байгаа. Гэхдээ шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэх талаар олон нийтэд мэдээлсэн зүйл алга” гэжээ.

Вашингтоны дипломат хүчин чармайлтыг Токио дэмжихээ илэрхийлсэн. Трамп, Абэ нарын яриа хэлэлцээрийн үйл явцын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн нь АНУ-ыг дэмжиж буйн бас нэгэн илрэл аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон энэ сарын 25-нд “Япон, БНАСАУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ. Тэрчлэн Хойд Солонгост байгаа япон иргэдийн асуудлаар учир зүйгээ олно” гэж ярьжээ.

БНАСАУ-ын тусгай албад 1970-аад онд Японы 17 иргэнийг хулгайлжээ. Тус  улс эхлээд энэ талаар үгүйсгэж байсан ч хожим нь 13 япон иргэнийг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн билээ. 2002 онд тухайн үед Японы Ерөнхий сайд байсан Жүничиро Коизүми Пеньянтай таван япон иргэнээ эргүүлж авахаар тохиролцжээ. Үлдсэн иргэдийн хувь тавилан тодорхойгүй байгаа аж. БНАСАУ-ын засаг захиргаа тэднийг амьд биш гэж баталж байгаа тухай мэдээлэл ч бий. Шинжээч нар дүгнэхдээ Токио хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар санаа зовниж байгаа ч Токиогийн хувьд гол асуудал нь БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөр.

Япон улс БНАСАУ-ын асуудлаар идэвх гаргаж эхэлснээсээ хойш “тусгаарлагдмал” байгаа гэж зарим судлаач бичдэг. Шинзо Абэгийн Хойд Солонгосын асуудлаарх хатуу бодлогоос болж Токио “далайн цаана” байгаа аж. Трамптай яриа хэлэлцээ хийснийхээ дараа Токиогийн бодлого АНУ руу хүчтэй чиглэсэн байна. Тус улсын нөлөөнд орсон Япон улс одоо Вашингтоныг даган яриа хэлэлцээг үргэлжлүүлэх арга барилаа зөөлрүүлж байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн зүүний хүрээлэнгийн Солонгос, Монголын тэнхимийн судлаач Александр Воронцов ярьж байна. Өмнө нь Япон болон АНУ Хойд Солонгосын асуудлаар санал зөрөлдөх зүйл байсан. Тухайлбал, Сингапурт 2018 оны зургадугаар сард болсон Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын дараа Японы Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Үүнээс гадна судлаачийн дүгнэж буйгаар Трамп 2020 оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөртөө ашигтай бодлого барьж, үүндээ Японыг ашиглахыг үгүйсгэхгүй талаар судлаач ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top