Израилийн парламент тарж, дахин сонгууль хийхээр болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн газраа бүрдүүлж чадаагүй тул тус улсын парламент тарах тухай асуудлаар санал хураалт явуулж, тарах шийдвэр гаргалаа. Дөнгөж нэг сарын өмнө Израил улсад сонгууль болсон бөгөөд дахин сонгуулийг энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр явуулах тов гарчээ.

Парламентын сонгуульд олонхын суудал авч чадаагүй Нетаньяхугийн “Ликуд” нам цагтаа Нетаньяхугийн өрсөлдөгч байсан батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерманы Хэт үндсэрхэг намтай эвсэл байгуулах хэлэлцээ зогсонги байдалд орсон. Учир нь Либерман Биньямин Нетаньяху Ерөнхий сайдыг дэмжихээс татгалзаад байгаа билээ.

Кнессет /Израилийн парламент/ дээрх шийдвэрийг гаргасны даруйд Нетаньяху Либерманыг улс төрийн “би” үзлээсээ болж улс орныг ямар ч шаардлагагүй дахин сонгуульд татан орууллаа гэж буруутгав. “Ард түмэн намайг Израил улсыг удирд гэж сонгосон. Бид хүчтэй, нээлттэй сурталчилгаа явуулж, дахин ялах болно” гэж тэрбээр мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Кнессетийг тараах саналыг Нетаньяхугийн “Ликуд” нам гаргасан. Арваад жил төрийн эрхийг барьж буй Нетаньяху эвсэл байгуулж чадахгүй нь тодорхой болмогц энэ долоо хоногт дахин сонгууль явуулах асуудлыг хүчтэй тавьж эхэлсэн. Сонгууль болсноос хойш 42 хоногийн дотор буюу тавдугаар сарын 29-ний 24.00 цагийн дотор засгийн газар бүрэлдэх хуультай бөгөөд энэ хугацаанд байгуулж эс чадсан тохиолдолд Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин Израилийн дараагийн засаг захиргааг бүрдүүлэх улстөрчийг томилох эрх нь нээгдэх учиртай байв. Нетаньяхугийн ганц айж буй зүйл нь энэ.

Ерөнхийлөгч Ривлин гол сөрөг хүчний тэргүүн Бенни Ганцад шинэ засгийн газар байгуулах санал  тавина гэх яриа гарч байсан. Түүний Хөх ба Цагаан нам Ликуд намтай ижил тооны суудал авсан хэдий ч эвсэл хамтран байгуулах холбоотон цөөнтэй юм.

Дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Нетаньяхугийн баруун жигүүрийн эвсэл ялалт байгуулж чадаагүй тул ирэх есдүгээр сард болох сонгуульд ч мөн ийм үр дүнд давтагдах магадлалтай хэдий ч тэрбээр дахин эвсэл байгуулж, хүч үзэхээр төлөвлөжээ.

Израил улсын түүхэнд нэг жилд хоёр сонгууль явуулж байсан тохиолдол хэзээ ч гарч байгаагүй. Нетаньяху шинэ засгийн газар бүрэлдтэл Ерөнхий сайдын албан тушаалаа хаших юм. Энэ зургадугаар сард тэрбээр Израилийг хамгийн удаан хугацаанд удирдсан Ерөнхий сайд болох юм.

Гол төлөв орос хэлтэй израилчуудаас бүрдсэн Хэт үндсэрхэг намыг тэргүүлэг Либерман харейди еврейчүүд бусад израилчуудын нэгэн адил армид алба хаах хуулийг дэмжих баталгаа өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн. Гэтэл Нетаньяхуд 120 суудал бүхий парламентад олонх буюу 61 суудалтай болоход харейди буюу орчин цагийн үнэн алдартан еврейчүүдийн намуудын 16 суудал хэрэгтэй. Харин эдгээр намууд харейди еврей оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлсөн хуулийг хэвээр үлдээхийг шаардаж байгаа.

Лхагва гарагт Либерман “Ликуд” нам харейдид бүрэн бууж өгсөн хэмээн шүүмжилсэн.

Энэхүү мухардмал байдал дөрвөн жилийн өмнө болсон явдлыг дахин давтаж байна. 2015 онд Нетаньяху мөн л эвсэл байгуулах гэж “гүрийж” байсан бөгөөд тухайн үед мөн л Либерман мөн энэ л асуудлаар түүнийг гацаанд оруулж байв.

Энэ удаа гэхдээ 69 насыг зооглоод буй Нетаньяху нэмэлт дарамттай нүүр тулаад буй. Учир нь түүнийг хээл хахууль, луйвар, мэхлэлт зэрэг хэрэгт буруутгаад байгаа.  Нетаньяху өөрөө үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд түүний дэмжигчид дараагийн парламентаар түүний халдашгүй байдлыг бэхжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэд шүүхийн шийдвэрүүдийг цуцлах хуулийн төсөл санал болгоод байгаа бөгөөд ингэснээр Ерөнхий сайдыг хамгаалах зорилго агуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top