Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлсэн Энэтхэгийн шинэ засгийн газар өчигдөр /2019.05.30/ орой тангараг өргөжээ. Энэхүү арга хэмжээг Энэтхэгийн бүх телевизийн сувгаар шууд дамжуулсан байна.
Ийнхүү Нарендра Моди Энэтхэгийн гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Түүний тэргүүлсэн Бхаратиа Жаната нам энэ сарын 19-ний өдөр албан ёсоор дүнгээ гаргасан сонгуулиар парламентын доод танхим Лок сабхагийн 543 суудлаас 303 суудал авч, ялалт байгуулсан билээ. 2014 оны сонгуулиар Бхаратиа Жаната намын тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл нийт 310 суудал авч байв.
Нарендра Модигийн хамтаар түүний шинэ танхимын гишүүд мөн тангараг өргөв. Шинжээчдийн таамаглаж байсанчлан Модигийн танхим хуучин бүрэлдэхүүнээ хадгалж үлджээ.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Бенгалын булангийн олон талт техник, эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилгын гишүүн орнуудын өндөр, дээд албан тушаалтнууд, гадаад улс орнуудын дипломатууд, улс төрийн нэрт зүтгэлтнүүд зэрэг нийт найман мянга гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. Энэтхэгийн улс төрийн хамгийн ууган хүчин болох Энэтхэгийн Үндэсний конгресс намыг төлөөлөн Рахул Ганди, ээж Соня Гандигийн хамтаар тус арга хэмжээнд оролцсон байна.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Пакистаны Ерөнхий сайд Имран Хан оролцоогүй нь олон улсын анхаарлыг татлаа. Тус арга хэмжээнд Пакистаны талаас өндөр хэмжээний нэг ч төлөөлөгч уригдаагүй байна. 2018 онд Имран Хан Пакистаны Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа тус хоёр хөрш орнуудын дайсагнасан харилцаа зөөлөрч, Шинэ Дэли, Исламабад хоёр бүрэн хэмжээний яриа хэлэлцээг сэргээнэ гэж найдаж байсан. Гэвч хоёр талын бие бие рүүгээ шидсэн хатуу үгс болон Кашмирын тойрсон асуудал саяхан хурцадсан нь бүс нутгийг дайны ирмэгт авчирч, тус хоёр улсын харилцаа ойрын ирээдүйд сайжрах найдварыг бүдгэрүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )