Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ /2019.05.31/ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад албаны төлөөлөл “Найрамдал” зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдлийг гаргалаа.
НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Эндээс өнөөдөр хотын Захирагч нөхцөл байдалтай танилцан, одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Цаашид үлдсэн аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын захирагчийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй нөхцөл үүссэн байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 4 )
Үнэн хэрэгтээ Найрамдал зуслан нэрийн дор залаад байгаа худал үг чинь чиний чиний чин санаа биш, харин цаад санаа зорилго чинь Туул голд учраад байгаа, дамжаад бидний өмнө аюулын хонхор үүсгэж байгаа Туулын гольдролыг сэндийчээд байгаагаасаа олны анхаарлыг хөндийрүүлэх гэсэн башир арга биш үү?
Дэгтэй, журамтай, сахилгатай, хариуцлагатай байсан социализмынг үед хүн байтугай мал оруулахгүй хашдаг байсан ”усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвас” - ыг байхгүй болгож бүр хоёр ч худгийг ашиглахгүй болгоод Туул голын эрэг дээр биш бүр ус нь халихдаа Туулын ус бүрхдэг татам дотор барилга, орон сууц барьсан хүмүүсээ яах вэ та? Улаанбаатарчуудын амьдралд заналхийлсэн тэдгээр хүмүүс тааваараа л тарвалзаж байг үү?
Хүмүүс ямар шалгаж магадлах юм биш гэж бодоод ажил хийсэн хоосон дүр эсгэж худал рекламдаж явахаа больчихвол яасан юм залуус аа. Та нар хүүхдийн зуслангийн газрын төлөө санаа тавьж байгаа чинь зөв ч эцсийн үр нь хуурмаг байхаар харагдаж байна. Хүүхдийн зуслангийн газар багасхаас бүр аюултай, Улаанбаатарт алсдаа хүмүүс харангадаж үхэхийн суурийг тавиад Туул голын гольдролын бургасыг ухаж, газрыг нь сэндийлж бохирдуулаад байгаа үй түмэн газраа яах гэж байна. Яагаад энэ талаар ус балгачихсан юм шиг дуугаа хураачихав?
Хөөе С.Амарсайхан, нэг амнаас эсрэг тэсрэг үг нэг зэрэг яаж гарч чадаж байна аа. Хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа гэсэн атлаа Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүй гэдэг чинь хоорондоо эсрэгцээд байна. Цуцаллаа гэсэн хоосон цаас л үлдэнэ, луйвардаж, дээрэмдэж авсан газраа тэр хүмүүс нь бааж шээгээд л байж байг гэсэн үг болж таарч байна. Газар эзэмших, өмчлөх эрхийг нь зайлуулсан бол аж ахуйн нэгж байна уу, хувь хүн байна уу зайлуулж газрыг нь чөлөөлөх ёстой биш үү?