Т.Чулуун: “Мянгат малчин” биш “Манлай малчин” тодруулдаг болъё

Г.Ганчимэг | Zindaa.mn
7 цагийн өмнө

Монгол Улсын Их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Чулууныг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урьж, тогтвортой хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр экосистем болоод дэлхий судлаач юм.

 

-Тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг гэдэг ойлголтгүй, сураг ажиггүй байх үеэс нь та энэ талаар судалгааны ажил хийж байсан юм билээ. Манай улсын хувьд олон нийт, иргэд энэ талаар ярьдаг, анзаардаг болоод арван жил болж байна уу даа?

-Би эрдэмтэн судлаачийн хувиар 2014 онд батлагдсан ногоон хөгжлийн бодлогыг өлгийдөж авсан хүний нэг. С.Оюун сайдтай гар нийлэн ажиллаж байлаа. Ногоон хөгжлийн бодлого бол тогтвортой хөгжлийн бодлого юм. Би экосистем судлаач хүн учраас байгаль орчны асуудлыг нэмж түлхүү оруулах талаас нь хувь нэмрээ оруулсан. Анх энэ санаа хэзээнээс төрсөн бэ гэвэл Монгол Улсын Хүний хөгжлийн тайлан бичиж байхад Хүний хөгжлийн индекст байгаль орчны үзүүлэлт байхгүй юм байна гэдгийг анзаарч байлаа.

Хүний хөгжлийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт дээр байгаль орчны ядаж нэг үзүүлэлт нэмээд Тогтвортой хөгжлийн индекс болгоё гэдэг санааг анх гаргаж эхэлсэн. Тэр өгүүлэл маань олон улсын нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд 2014 онд хэвлэгдэж байлаа. Тэгэхээр би энэ чиглэл рүү 2011 оноос эхлээд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа гэсэн үг. Түүнээс хойш дэлхийн хэмжээний нэлээд олон хуралд энэ индексийн санаагаа баяжуулан хөгжүүлээд оролцож ирлээ. Ялангуяа, дэлхий судлаач, эрдэмтдийн хурлуудад нэлээд идэвхтэй оролцож эхэлсэн. Яагаад гэвэл, би өөрөө экосистем судлаач, мөн дэлхий судлаач хүн.

-Маш сонирхолтой юм байна. Манай дэлхий ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Манай дэлхийн босго хутганы ирэн дээр ирчихээд байгаа юм л даа. Хүний үйл ажиллагаа дэлхийн тогтолцоонд нөлөөлөөд эхэлчихсэн. Жишээлбэл, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ дэлхийд сая шахам жилд байгаагүй хэмжээнд хүрчихлээ. Энэ нь дэлхийн дулаарлыг үүсгэсэн. Тиймээс л НҮБ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах асуудлаар нэлээд анхаарал тавьж, олон улсын хэмжээний хурал, чуулган зохион байгуулсаар байна. Би эдгээр хурал, чуулганы шинжлэх ухааны салбар хуралд шавьтайгаа хамт илтгэл тавьж оролцдог. Дээр ярьсан Хүний хөгжлийн индексээ улам баяжуулан, тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн индекс дээр нь орлогын тэгш бус байдлыг нэмж тооцоод, байгаль орчны хоёр үзүүлэлт буюу нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал, нэг хүнд ногдох экологийн ул мөрийг тооцдог юм. Мэдээж, дэлхийд үзүүлж буй дарамт бага байх тумсаа  сайн. Гэтэл ингээд тооцоод үзэхээр улс орнууд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжихдөө, хүнээ хөгжүүлэхдээ дэлхийд үзүүлж буй дарамтаа бууруулж явах ёстой байна гэдгийг тодорхой индескээр, хүний хөгжлийн дараагийн шатны индексийг дэвшүүлж, санаа бодлоо нэмэрлэж яваа юм, эрдэмтний хувиар.

-Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилтынхоо ихэнхид хүрэхгүй байгаа юм байна шүү дээ. Тэгсэн мөртлөө байгаль орчинд үзүүлж байгаа дарамт, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл зэргээрээ дээгүүр байр эзэлж байна. Энэ нь аж үйлдвэр өндөр хөгжсөн, өндөр хөгжилтэй орнуудтай бараг эн зэрэгцэх түвшинд хүрчээ. Гэтэл манай улсад ядуурал, ажилгүйдэл их байна. Бид одоо яг хаана явна вэ. Тавхан жилийн дараа 2030 он болно?

-Монгол Улс маань Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтоо хэрхэн яаж хэрэгжүүлж байна вэ гэдэг тайлангаа сайн дураараа гаргадаг шүү дээ. Энэ тайланд би өөрийн санаа бодлоосоо хэлж тусгуулдаг. Үүнийг хүмүүс хардаг байх. Ерөнхийд нь хэлэхэд, миний санаа бүгд зуун хувь тусахгүй шүү дээ. Тийм учраас өөрийнхөө өнцгөөс хэлэхэд, хангалттай байж чадахгүй байгаа. Жишээлбэл, хөгжлийн загвараа Монгол Улс тодорхой барьж авахгүй байна. Тогтвортой хөгжлөөр манлайлж чадаж байгаа улсуудаас загвар болгож авахгүй байна, энэ миний л бодол. Тухайлбал, нордик буюу Скандинавын орнуудын хөгжлийн загвар манай улсад тохирно гэдэг санааг би дэвшүүлдэг. Яагаад гэвэл, энэ орнууд судалгаагаар Тогтвортой хөгжлийн индескээрээ дандаа манлайлж байна. Дээрээс нь нордик загварын орнууд Аз жаргалын индексээрээ мөн манлайлдаг. Хүн амын тоо нь их биш, байгалийн баялагтай, тэгсэн мөртлөө зөв хөгжөөд явчихаж байна шүү дээ. Тогтвортой хөгжлийн ийм шилдэг жишээ байхад манай улс эндээс загвар авах шаардлагатай байна гэсэн бодолтой явдаг юм.

-Таны энэ санааг хэр тусгаж авдаг вэ. Манай улс ер нь дэлхийтэйгээ хөл нийлүүлж явж чадаж байна уу. Нам, улс төрийн шийдвэр нөлөөлдөг юм биш биз. Товчхондоо, хэр мэргэжлийн байж чадаж байна вэ?

-Ерөнхийдөө их зөв бодлого гаргаж байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа бариад, дараа нь буюу 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогууд гаргасан нь маш зөв. Дараа нь энэ “Алсын хараа-2050” бодлогыг их дэвшил гэж харж байгаа. Алсын хараагаа бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн загвараа тодорхой болгож байж хүрнэ.

-Тэгэхээр зорилго, зорилт нь тодорхой байна. Харин хүрэх арга зам дээрээ будлиад байгаа юм байна гээд ойлгочиход болох нь ээ?

-Тийм ээ, миний бодол. Нийгмийн хөгжлийн зорилт, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахдаа би ямар зорилт дэвшүүлсэн бэ гэвэл нийгмийн тэгш байдлыг бий болгохыг нийгмийн хөгжлийнхөө нэг зорилт болгооч гэдэг саналыг дэвшүүлж байсан. Гэхдээ үүнийг тусгаж аваагүй. Ерөнхийдөө бол дэмжээд л, “Өө, энэ чинь бүх зүйлд хамаарах юм байна шүү” гэж байгаа мөртлөө яг тэр санааг маань хүлээж аваагүй. Гэтэл судлаачдын судалгаагаар бол нийгмийн тэгш байдал бол нийгмийн хөгжлийн хамгийн гол зангилаа асуудал болж байна гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Хамгийн анх энэ асуудлыг цөөн тооны эрдэмтэн дэвшүүлж байсан бол одоо ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдөөд, Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг нь буюу Тэгш бус байдлыг бууруулах гээд ороод ирчихсэн байгаа шүү дээ. Би бас индекстээ үүнийг оруулчихсан байгаа. Орлогын тэгш байдал нь өндөр байх тусам нийгэм тэгш байна. Тэгээд цаана нь урт наслалт, хүмүүсийн аж амьдрал сайн, бичиг үсэг тайлагдалт сайн, харьцангуй аюулгүй, нийгэм тогтвортой хөгжихөд маш чухал үзүүлэлтийн нэг болж өгдөг. Нэг жишээ хэлэхэд ийм. Гэтэл манай улс нийгмийн тэгш бус байдлыг бууруулах асуудлыг гол асуудлаа болгож тавиагүй. Үүнийг үргэлжлүүлээд яривал боловсрол, эрүүл мэндийн тэгш бус байдал гээд л хөвөрнө. Энэ мэтээр судалгаагаа бүгдийг нэг дор ярих боломжгүй л дээ. 

-Гэхдээ өнөөдөр Зайсан болоод Таван буудалд төрж байгаа хоёр хүүхэд төрөх цагаасаа эхлээд хоёр өөр орчинд өсөж бойжин, хоёр өөр орчинд сурч хүмүүжин хоёр өөр чанартай боловсрол эзэмшиж байгаа нь нууц биш шүү дээ. Тэр ч байтугай эрүүл мэндийн үйлчилгээгээ хоёр өөр түвшинд авч байна. Нүдэн дээр л ийм өөр байхад тэгш байдал гэдэг зүйлийг ярихаар монголчуудад хол сонсогдоод байна?

-Миний санал бол нийгмийн хөгжлийн зорилт, хөтөлбөр дотроо нийгмийн тэгш байдлыг сайжруулахыг хамгийн гол үндсэн зорилгоо болгочихвол яасан юм бэ гэдэг саналыг эрдэмтний хувиар дэвшүүлж байсан. Хэрэв миний саналыг тусгаж аваад, ийм зорилго тавиад зүтгүүлсэн бол сайжрах байсан. Жишээ нь, нордик загварын орнууд боловсролоор тэгш хангахдаа гарамгай байна, эмнэлгийн үйлчилгээг тэгш хүртээхдээ гарамгай байна. Боловсролын асуудлыг тогтвортой хөгжлийн талаас нь ярихад боловсрол бол системээ дагуулж явах, хамгийн их үүрэгтэй зорилго байгаа юм. Тухайлбал, хүүхдийг цэцэрлэгт байхад нь тогтвортой хөгжлийн буюу ногоон хөгжлийн хэвшил суулгадаг. Үүний нэг жишээ нь манайхны нэг хүүхэд Америкт цэцэрлэгт явдаг юм. Гэтэл нөгөө жаахан хүүхэд маань “Хамаагүй юм хаявал дэлхий хог новшоор дүүрнэ” гэдгийг ойлгочихсон байна. Дэлхий нийтээрээ ч сүүлийн үед минимализмыг их ярьдаг болжээ. Материаллаг бус, ариг гамтай амьдралын хэв маягийг илүүд үзэж, хог хаягдлаа дахин боловсуулж хэрэглэх зэрэг алхмуудыг хийдэг болсон байна. Уг нь энэ соёл нүүдэлчдийн ахуй амьдралд хэдэн мянган жилийн турш нэвт шингэсэн байдаг. Байгаль дэлхийдээ дарамт багатай, экологийн хувьд ул мөргүй амьдрах энэ соёлоо бид сэргээх хэрэгтэй. Уламжлалаасаа сэргээж, орчин үеийн технологиор баяжуулж хөгжүүлэх ёстой гэсэн концепцийг ч би бас ярьдаг юм л даа. Эргээд боловсролын асуудал руугаа ороход ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд тогтвортой хөгжлийн талаар тодорхой ойлголттой болсон байх нь зөв. Яагаад гэвэл зарим нь дээд сургуульд орно. Зарим нь орохгүй шүү дээ. Харин их, дээд сургууль төгсөж байгаа хүний хувьд тогтвортой хөгжлөөр манлайлах талдаа, манлайлагч болох ерөнхий чиг шугам байж болмоор. Ингэж байж илүү үр дүнд хүрнэ.

-Та сая хэллээ. Нүүдэлчид эмх цэгц, дэг журамтай, экологийн ул мөр багатай амьдарч байсан гэдгийг. Нөгөөтэйгүүр, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэж үздэг юм билээ. Магадгүй, янз бүрийн нэр томъёонд төөрөгдөөд байдаг болохоос биш иймэрхүү амьдралын хэв маяг нь малчид, нүүдэлчин монголчуудын хувьд цоо шинэ хэв маяг биш байх?

-Би бэлчээрийн нийгэм, экологийн системийг 30 гаруй жил судалсан хүн. Ер нь хөдөөгийн хөгжлийн янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжээд үр дүн ямар байна вэ гэдгийг судалгаа хийгээд явж байхдаа маш сайн харсан. Ерөөсөө л уламжлал дээр суурилбал сайн үр дүнд хүрэх юм билээ. Хууль, эрх зүйн үүднээс нэг нутаг усныханд сэргээгдэх байгалийн нөөцийг цогцоор нь эзэмшүүлчихвэл, зөвхөн бэлчээр биш ус, ойдоо өөрсдөө эзэн болоод, тэндээ суурилаад хөгж гэсэн боломжийг олговол яасан юм бэ гэдэг санааг би дэвшүүлсэн. Энэ нь шинэ Үндсэн хуулийн байгалийн баялаг бол нийтийн өмч гэсэн заалтыг амьдруулах заалт гэж би бодож байгаа юм. Үүнийг шууд хэрэгжүүлээд эхэлж болох бэлэн газрууд ч байгаа. Тухайлбал, хил орчмын бүс нутагт уламжлалаа илүү хадгалчихсан, хүн ам сийрэг байдаг. Үүнийг хэрэгжүүлснээр тухайн орон нутаг эзэнтэй болно. Илүү хөгжих боломжтой болно. Дараа нь тусгай хамгаалалттай газрын орчны бүс байна. Тэгвэл тэгээд тэр тусгай хамгаалалттай газрыг тойроод л бөөн байгаль хамгаалагчтай болно. Өөр нэг газар нь голын эх бүрэлдэх газрыг тухайн нутаг усныханд эзэмшүүл л дээ. Тэд л газар нутгаа хамгаална. Өөр хэн очиж хамгаалах юм бэ. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчдын хоршооны дарга нар бэлчээр ашиглалтыг маш сайн зохион байгуулж чадаж байна шүү дээ. Тэд л лав үүнийг хэрэгжүүлж чадна.

-Хамгийн гол нь тэндээ тогтвортой хөгжих боломжийг гаргаж өгмөөр байна л даа? 

-Үүн дээр орчин үеийн технологийг нэвтрүүлж болно. Зайнаас суралцах боломжийг нээж өгөөд, цэцэрлэг, бага сургууль байгуулж болно. Хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтраад ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хот болоод гадаадад сурч, амьдарч байгаа нэг нутаг усны хүмүүсийн нэр нь байж байвал зүгээр. Нэг голынхон ч гэдэг юм уу нутаг усны хүмүүсийн нэр нь байж байвал амжилттай яваа бизнесийн хүмүүс буцаад хамтарч эхэлнэ. Ингэхдээ байгалийн сэргээгдэх нөөцийг хамтран эзэмшигчээр явна. Өөрөөр хэлбэл, яаж гадаадаас болон хотоос хөрөнгө оруулалт, шинэ мэдээ мэдээлэл, технологи оруулж ирэх вэ, аялал жуулчлал яаж татах вэ, дээрээс нь нутаг орноо хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллахаа шийднэ л гэсэн үг. Ингэснээр хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, их нүүдлийг яаж төрөлх нутаг руу нь буцаан чиглүүлэх вэ, төвлөрлийг бууруулах вэ гэдэг загвар жишээнүүдийг бий болгох юмсан гэсэн бас нэг мөрөөдөл надад бий. Экологийн бүс, бүслүүр болгонд энэ нь боломжтой зүйл шүү дээ.

-Та ер нь хүн төвтэй ногоон хөгжил, хүн төвтэй тогтвортой хөгжил гэж их ярьдаг юм билээ. Гол утга учир нь энэ л юм байна шүү дээ?

-Яах вэ, намайг Хүний хөгжлийн индекс дээр байгаль орчны үзүүлэлтийг нэмж тооцох ёстой, тэгэж байж л хүн төвтэй ногоон хөгжил гэдэг асуудал илүү яригдана гэсэн санаа гаргаж, ийм чиглэлээр бичиж, ярьдаг гэж харсан хүний л өнцөг байх даа. Ер нь явж явж орон нутгийнхан дээр, тэдний гаргаж буй санал санаачилгад суурилахгүйгээр амжилтад хүрэхгүй гэдэг нь харагдаж байна. Олон улсын сайхан төслүүдийг сайн хэрэгжүүллээ гэхэд төсөл хэрэгжсэний дараа эргээд харахад ихэнх нь үр дүнгүй болчихож байгаа юм. Яагаад ийм байдалд хүрч байна вэ гэвэл уламжлал дээр суурилахгүй байна. Мөн юмыг цогцоор нь харахгүй, өрөөсгөл хандаж байгаатай холбоотой юм. Нэг нутаг усныхан гэдэг чинь олон зуун жил яваад ирсэн сайхан уламжлал. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо гэдэг чинь энд тэр чигээрээ байж байгаа юм. Нэг нутаг устай хүмүүс л байгаа шүү дээ. Тиймээс тэр уламжлал дээр нь суурилж хөгжүүлэх асуудлыг л дэвшүүлэх ёстой юм байна.

-Ингээд л нүүдэлчин ахуй, өв соёл руугаа эргэчихэж байгаа юм даа?

-Тийм ээ. Ялангуяа, энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд зарим бүс нутагт, тухайлбал, говийн бүсэд уламжлал дээр суурилахаас өөр зам бараг байхгүй дээ. Яагаад гэвэл, олон мянган жилийн туршид бэлэн дасан зохицсон механизм нь тэр байхгүй юу. Уур амьсгалын хэлбэлзэл ихтэй газар нутагт нүүж бэлчээрлэж байгалийн нөөцөө эзэмшихээс өөр аргагүй. Шинжлэх ухааны үндэслэл ч бий. Тогтвортой хөгжлийн хамгийн эхэнд ядуурлыг тэглэх гэдэг зорилтыг ярьдаг. Гэтэл манай улсад ядуурал 30 орчим хувиас буурч шальдаггүй. Жаахан буураад дөнгөж 20 гаруй хувь руу оронгуут л “Ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гарлаа” гээд байж жишээний. Гэтэл Ковидын үеэр халамжилсан боловч ядуурал буураагүй, лав л дорвитой өөрчлөлт гараагүй нь ойлгомжтой байна. Гэтэл ядуурлыг тэглэх зорилго тавъя гэвэл нэлээн их арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно. Орлогын тэгш бус байдлыг бууруулахаас эхлээд системээр нь авч үзэх хэрэгтэй. Малчид маань 1999-2000 оны зудад маш их малаа алдаж, ядууралд нэрвэгдсэн. Ингээд сум, аймаг, Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийн давалгаа эхэлснийг бүгдээрээ мэднэ. Харин одоо дараагийн иймэрхүү нүүдэл давтагдах хугацаа ойрхон ирсэн.

-Сүүлийн үед зарим нэг хүн “Амны билгээс ашдын билгэ” гэх мэтээр бэлэн зүйр үгээр цэцэрхээд иймэрхүү төрлийн яриа хөөрөөг мушгин гуйвуулдаг муухай зуршилтай болжээ. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандахаа байсан. Эрхбиш эрдэмтэн хүний ярианд итгэж, энэ цаг үеэ дүгнэж, ирээдүй хойчоо төлөвлөнө байх? 

-Зуд турхан, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тодорхой хугацааны дараа давтагддаг гэдгийг эрдэмтдийн судалгаагаар тогтоочихсон. Үүнээс гадна малын тоо толгой нэг хэсэг хэт өссөн. Энэ нь эргээд бэлчээрээ хэт талхлаад, бэлчээрийн экосистемээ хэт эмзэг болгосон. Дээрээс нь угаасаа хуурайшиж байгаа учраас ган болох магадлал нэлээд бий. Яах вэ, одоохондоо хур тунадас сайтай, ерөнхийдөө гайгүй үе таарч байна. Тиймээс энэ жил биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа ган болохыг үгүйсгэхгүй. Дээрээс нь байгаль, экологид хүний үйл ажиллагаагаар үзүүлж буй дарамт гээд эрсдэлтэй хүчин зүйлүүд бий. Иймэрхүү маягаар зуд нүүрлэх магадлал ч бий. Ингэхээр нийгэм, эдийн засгийн хор уршиг, муу нөлөөлөл мэдээж их. Ядуу малчдын тоо нэмэгдэх гамшиг нүүрлэж байгаа юм. Манайхан юмыг урьдчилан харж, бэлтгэлээ хангах талын асуудал дээр учир дутагдалтай байгаа учраас би энэ сэдвийг тодруулж, онцгойлон ярьж байгаа юм шүү. Бид юу ч хэлэхгүй, сануулахгүй суугаад байвал нэг мэдэхэд олон мянган ядуу малчинтай болчихвол яана. Одоо манай улсад 200 орчим мянган малчин өрх байгаа шүү дээ. Тэдний маань 10 хувь нь ядууралд өртөхөд 20 мянган өрхийн амжиргаа, нийгэм, эдийн засгийн асуудал хөндөгдөнө шүү дээ. Тэд амьдрахын эрхээр хот, суурин газар руу шилжлээ гэхэд хөдөөд үүссэн гамшиг хотод нүүрлэнэ гэсэн үг. Тиймээс нэг нутаг усныхныг байгалийн сэргээгдэх нөөцтэй болгоод, хамтаар нь хөгжүүлье гэдэг санаа чинь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжихөд дэмтэй юм.

-Цагаан сараар аймаг болгонд “Мянгат малчин” төрдөг шүү дээ. Цаашлаад сум болгон мянгат төрүүлэх сонирхолтой. Цаг наргүй зүтгэдэг малчин хүний хөдөлмөрийг үгүйсгээгүй шүү. Гэхдээ том зургаар нь харвал байгаль, экологи, бэлчээр усандаа халгаатай л юм даа. Малчид өөрсдөө ч амарч, эмнэлэг сувиллаар явж чадахгүй хэдэн малынхаа “боол” болчихсон зүдэж байдаг.

-Миний бодлоор шагналынхаа нэр, зорилгоос эхлээд өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Мянгат малчин” биш “Манлай малчин” тодруулдаг болъё. Нутаг усныхнаа манлайлж, байгалийн сэргээгдэх нөөцөө зүй зохистой ашигладаг, цөөн малтай бусад малчин өрхдөө ажлын байр бий болгоод, нутаг орныхоо нийгэм, эдийн засагт нэмэр тустай яваа гэдэг ч юмуу иймэрхүү байдлаар шагнал урамшууллын удирдамжийг уг сууриар нь бодож зохицуулах хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр, малчин өрхийн ирээдүй байгаль, орчноосоо хамаарах тул үр удамдаа үлдээхийн тулд байгаль орчин, нөхцөл байдлыг дордуулж доройтуулахгүйн тулд толгойгоо ажиллуулж эхэлнэ шүү дээ. Малын тоо толгойгоо багасгаж, малаа чанаржуулахаас эхлээд хамгийн оновчтой хувилбарыг нутаг орныхоо онцлогт тохируулан хэрэгжүүлж эхэлдэг байхгүй юу.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАЛЧИН Г(202.55.191.194) 7 цагийн өмнө

ЯГ ЗӨВ. ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖИХ ҮЕД МАЛЧИД МАЛАА ХУВЬД АВЧ ӨСГӨН ҮРЖҮҮЛЖ САЙН АЖИЛЛАЖ АМЬДРАЛ АХУЙГАА ДЭЭШЛҮҮЛСЭН. ОДОО БОЛ САЙН САЙХАН ЯВАА МАЛЧИД МАНЛАЙЛЖ ЯВАХ, ЗАЛУУ МАЛЧИН МАЛЧИН ХҮМҮҮНИЙГ БИЙ БОЛГОХОД МАЛ АХУЙГААААР ТУСЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЮМ.

0  |  0
Top