Д.Амарбаясгалан: Оюутолгойг зарах талаар яриагүй, боломжгүй зүйл

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр зочид төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойн далд уурхайн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Харин олон нийтийн сүлжээгээр "Оюутолгойг хятадуудад зарах гэж байна" гэх мэдээлэл түгсэн юм.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дээрх мэдээлэлд тайлбар өгчээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Хятадын Коммунист намын гадаад харилцааны дэд сайд айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын дарга С.Эрдэнэ мөн надтай албан уулзалт хийсэн. Энэ хүний ирсэн зорилго нь өнгөрсөн жил МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийсэн, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилготой" хэмээн онцолжээ.

Түүнчлэн "Өнгөрсөн жил Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд өнөөдөр ажил нь эхлээд явж байгаа цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны замын төсөл гэх мэт олон томоохон төслийн ажлуудтай танилцах гэж ирсэн юм. Тавантолгой, Оюутолгойн үйл ажиллагаатай танилцаад явах хүсэлтийг өөрөө тавьсан. Далд уурхайн үйл ажиллагаатай бол зөвхөн зочны ёсоор танилцаад явсан гэдгийг энд зориуд хэлье. Долоо хоногийн өмнө хилээр гараад явсан боловч энэ 7 хоногоос эхлээд үр дүн гарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл энэ 7 хоногоос эхлээд Гашуун сухайтын боомтоор нэвтэрдэг ачаа тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдэх боломж нээгдсэн гэдгийг хэлмээр байна. Тавантолгой, Оюутолгойтой танилцаад явсаны дараа твиттерт ташаа мэдээлэл гарсан байсан" хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр "Оюутолгойн нөхдүүд өөрсдөө мэдэж байгаа байх. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцъя. Зүүн хойд Азид байгуулагдаж байгаа томоохон орд учраас далд уурхай хэрхэн явагдаж байгаатай танилцах, уурхайн бүтээн байгуулалт хэрхэн яаж явагдаж байгааг үзэж харъя,сонирхоё гэсэн хүсэлтийг тавьж явсан. Энд бол Оюутолгойг зарах талаар яригдах ямар ч боломжгүй зүйл. Оюутолгойг зарах эрх мэдэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт бүр УИХ-д байхгүй байна шүү дээ" гэх тайлбарыг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top