Трампын дүрс бүхий агаарын бөмбөлөг хөөргөлөө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Их Британид төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэж буй жагсагчид ярвайсан царайтай, живх өмсүүлсэн Трампын дүрс бүхий агаарын бөмбөлгийг Британийн парламентын ордны гаднах талбайгаас орон нутгийн цагаар 09.00 цагт хөөргөжээ. Зургаан метр урт агаарын бөмбөлөг Парламентын талбай дээгүүр хоёр цагийн турш ниссэн бөгөөд энэ үеэр Доналд Трамп албан тушаалаа өгөх гэж буй Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзалт хийж байсан юм. Лондон хотын төвд олон арван мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийж Трампын явуулж буй бодлогын эсрэг дуу хоолойгоо өргөжээ. Жагсаалд байгаль орчныг хамгаалагчид, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчид болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид  нэгджээ. Трамп лалын шашинтай хэд хэдэн улсын иргэдийг АНУ-д аялахыг хориглож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээнээс АНУ-ыг гаргах, Британийн улстөрчдийг шүүмжилснийг эсэргүүцэн Лондончууд гудамжиндаа гарсан аж. АНУ-ын Ерөнхийлөгчид барьсан хүндэтгэлийн хүлээн авалтад сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин зэрэг Британийн хэд хэдэн хууль тогтоогчид оролцохоос татгалзсан билээ.

Жагсагчдад агаарын бөмбөлөг хөөргөж, цуглаан хийх зөвшөөрлийг Лондон хотын захирагч Садик Хан олгосон. Түүнийг Доналд Трамп “чулуу шиг хүйтэн азгүй хүн” хэмээн айлчлалынхаа өмнө нэрлэж байсан юм.

Лондонгоос гадна Их Британийн 14 хот, суурин газарт жагсаал болж байгаа юм. Бирмингемийн их сургуулийн Олон улс, Америк судлалын тэнхимийн профессор Скот Лукасын хэлснээр, АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейган, Жорж Буш нар мөн Британид ийм эсэргүүцлийн жагсаалтай тулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top