Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өргөн барьсан юм. Тэрбээр “Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил болж байна. Гэхдээ Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан гэж үзэж байна. Удаа дараагийн судалгаанаас үзэхэд өнгөрсөн он жилүүдэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт хэрэгжиж чадаагүй, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, байгалийн баялгийн талаар авах арга хэмжээний бодлого залгамж чанар муутай, төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим алдагдсан, иргэдийн шүүх эрх мэдэлд итгэх итгэл буурсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд улс орныг хөгжил дэвшилд хөтөлсөн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх шаардлага гарч байна” хэмээн хуулийн төслийг гардуулах үеэр хэллээ.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авсныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын 67 гишүүн гарын үсэг бүхий Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зуны эхэн цагаан морь сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр хүлээн авч байна. Энэ өөрчлөлтийг долоо хэмжих зарчмаар 20 жил яригдсан асуудлыг хоёр жилийн хугацаанд нэгтгэн боловсруулсан. 5.4 сая санал иргэдээс ирсэн. Үндсэн хууль судлаач эрдэмтдийн болон төрийн хийгээд төрийн бус байгууллагууд саналыг авсан. Нөр их хөдөлмөрийн үр дүн болсон энэ төслийг хүлээн авлаа. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандах учиртай. Гагцхүү Монгол Улсын эрх ашгийг эрхэм болгож хандахыг УИХ-ын гишүүдээсээ хүсье. Энэ өөрчлөлтийг хийх асуудал 20 гаруй жил яригдсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. 1992 оны Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдол өндөр байж ирсэн. Үүргээ биелүүлсэн. Гэхдээ өнөөдөр бид дордуулсан долоон өөрчлөлтийг засах гэж байна. Парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Өөрчлөлт бол нийгмийн зайлшгүй шаардлага. Тиймээс ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах нэн чухал үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top